Улсын аварга Э.Оюунболдын нэхэмжлэлтэй, Баяр наадмын зохион байгуулах хороонд холбогдох захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 08.30 цагт болж өндөрлөв.
Урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 1479 дугаар захирамжийн нэгдэх заалтыг хүчингүй болгуулах /актын биелэлтийг түдгэлзүүлсэн заалт/ хүсэлт тус тус гаргасныг хэрэгсэхгүй болгож, шүүх хуралдааныг 2020 оны тавдугаар сарын 22-ны өдрийн 14.00 цагт хийхээр товложээ.
Дашрамд сонирхуулахад, Э.Оюунболд нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.