Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “ХӨСҮТ-д өчигдөр нэг эх амаржиж охинтой боллоо. Түүнд хоёр удаа хяналтын шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Нийтдээ 375 хүнд шинжилгээ хийсэн. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 25 ачаа тээврийн жолоочоос коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан нэг хүнээс коронавирус илэрлээ. Мөн өчигдөр ОХУ-аас ирсэн иргэдэд хийсэн шинжилгээгээр 18 хүнээс коронавирус илэрлээ. Бид онгоцонд суухаас өмнө шинжилгээ хийлгэсэн байхыг шаардаж байгаа ч боломж хомс байгаа. ХӨСҮТ-д өнөөдөр 132 хүн хянагдаж байна. Онош батлагдсан иргэдээс хоёр хүн ХӨСҮТ-ээс гарахад бэлэн болсон” гэлээ.