БЕГ, Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн цаг агаарын нөхцөл байдлын талаар сэрэмжлүүлэг мэдээлэл хийлээ. Энэ сарын 15-наас эхлэн Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймаг, төвийн бүсийн зарим нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, салхины хүч ширүүсэж, гамшгийн түвшинд хүрнэ. Мөн цаг агаарын нөхцөл байдал муудаж байгаатай холбогдуулан Хөвсгөл, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймаг, Дундговь, Өмнөговь, Дорноговь болон зүүн гурван аймагт ажиллаж байгаа Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедицүүдийн үйл ажиллагааг гурав хоногийн хугацаагаар буюу энэ сарын 17-ныг дуустал зогсоож байна гэж ЦУОШГ-ын дарга Ц.Энхтүвшин мэдэгдлээ. Түүнчлэн Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговийн нутгаар, Төв, Дундговийн зүүн хэсгээр салхи секундэд 26-28 метр, зарим үед 34 м/сек хүрч хүчтэй салхилж, шороон шуурга шуурна. Төв, Хэнтий аймгийн хойд хэсгээр цасан шуурга шуурч, гамшигт үзэгдэл болно. Өвөрхангай, Өмнөговь, Дорнодын нутгаар цаг агаарын аюултай үзэгдэл болно. 14-нөөс 15-нд шилжих шөнө төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 16-17-нд нутгийн зүүн хагаст, хүчтэй шороон болон цасан шуурга шуурч, эрс хүйтрэхийг онцгойлон анхааруулж байлаа.