МАХН-ынхан энэ жилийн сонгуульд ИЗНН болон Монголын уламжлалын нэгдсэн намтай хамтран “Та бидний эвсэл” байгуулан оролцохоор болсон билээ. Тэгвэл тус эвслийн хуралдаан өчигдөр болж, 76 тойрогт нэр дэвшигчдээ тодруулжээ. Тэдгээрийн дийлэнх нь танихгүй хүмүүс байгаа ч цөөнгүй нь улс төрд танигдсан, нутаг орондоо нэр хүндтэй хүмүүс байгаа аж.
Тухайлбал, Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал төрсөн нутаг Архангай аймагт өрсөлдөх юм байна. “Зууны мэдээ” сонины сэтгүүлч Ч.Үл-Олдох төрөлх нутаг Сүхбаатар аймагтаа өрсөлдөхөөр мандатаа авав. Мөн Шадар сайд асан Ц.Оюунбаатар Хан-Уул дүүрэгт, тус намын ЕНБД Б.Тулга Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших бол намын дарга Н.Энхбаяр Баянгол дүүргийг онилжээ.
Үүнээс гадна Н.Энхбаярын хүү Э.Батшугар, сэтгүүлч М.Наранбаатар нар Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшинэ. Сэтгүүлч, Соён гэгээрүүлэгч телевизийн захирал М.Хишигсүрэн, АН-ын гишүүн асан Батын Батбаатар нар Чингэлтэй дүүргээс нэр дэвших бол МАН-ын гишүүн Э.Содномжамц МАХН-ын гишүүнчлэлээ эргэн сэргээж, төрөлх нутаг Баянхонгорт нэр дэвшихээр болжээ. МАХН-ын Нийслэлийн намын хорооны дарга Э.Эрдэнэжамъян Багануур, Багахангай дүүрэгт өрсөлдөхөөр болсон байна.