Хоёрхон жилийн хугацаанд 11 734 иргэнд 22 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Жи тайм” сүлжээний хэрэгт холбогдуулан иргэн Э.Оюунчимэгийг шалгаж эхэлжээ. Түүний хэргийг үүсгэн байгуулагч Казахстан улсын иргэн М.Маратын хэргээс тусад нь салгажээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Э.Оюунчимэгт холбогдох 201701000037 дугаартай эрүүгийн хэргийг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх энэ сарын 13-ны өдөр хүлээн авсан аж.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа бөгөөд тус хэргийн талаарх мэдээлэл болон хохирогчийн нэрсийг http://www.bkhs-criminalcourt.gov.mn/ сайт болон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн фэйсбүүк хуудсаар тухай бүр мэдээлэх юм байна.
Мөн энэ хэрэгт Казахстаны иргэн М.Маратыг холбогдуулан шалгаж байсан. Мөрдөн байцаалтын явцад оргон зайлсан түүнийг интерполын болон эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээтэй орнууд руу хүсэлт гарган, шалгуулсан ч үр дүнд хүрээгүй. Хүүгээс нь мэдүүлэг авахад 2017 оноос хойш уулзаагүй хэмээн мэдүүлжээ. Энэ хэрэгт 580 хавтаст хэрэг нээн шалгаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу прокурортой хамтран шүүхэд шилжүүлэх арга хэмжээ авахаар ажиллаж байгаа гэдгийг өмнө нь мэдэгдэж байсан билээ. Эл хэрэгт холбогдуулан 6.9 тэрбум төгрөг, 400 сая төгрөгийн үнэ бүхий автомашин, гурван тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хохирогчдын хохирлыг барагдуулах зорилгоор битүүмжлээд байгаа юм.