ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ “ХҮҮХЭД ГЭР БҮЛДЭЭ АЗ ЖАРГАЛТАЙ” УРИАН ДОР ТЭМДЭГЛЭНЭ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-05-26

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын  А/130 тоот тушаал гарч, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу зургаадугаар сарын 1-нийг “Хүүхэд гэр бүлдээ жаргалтай” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх удирдамжийг баталсан. Энэ талаар өнөөдөр Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар/ГБХЗХГ/-ын дэд дарга Б.Халиун, ГБХЗХГ-ын Гэр бүл, хүүхэд хөгжил хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга Н.Мандуул, ГБХЗХ-ын Гэр бүл, хүүхэд хамгааллын газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал, “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Энхзул нар мэдээлэл хийлээ.

ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун “2020 оны Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг онцлог байдлаар тэмдэглэн өнгөрүүлэхээр болоод байна. Хэдийгээр дэлхий нийтийг хамарсан цар тахал гарч хөл хорионы дэглэм хэрэгжиж эхэлсэн ч хүүхдүүд гэр бүлийнхэнтэйгээ хамт байх боломж тохиож байна гэж эерэг байдлаар харж болох юм. Иймээс манай байгууллагаас цар тахалын энэ онцгой цаг үед гэр бүлийн бүх гишүүдийн үүрэг хариуцлагыг нэмэх, гэр бүл дэх хүүхэд, хөгжил хамгааллыг сайжруулах, хүүхдэд ээлтэй гэр бүлийн орчинг нэмэгдүүлэх, дэмжих, тэгш оролцоог хангах хүрээнд Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрийг "Хүүхэд гэр бүлдээ жаргалтай" уриан дор гэр гэртээ тэмдэглэн өнгөрүүлэх уриалгыг гаргаж байгаа юм. ГБХЗХГ-аас гаргасан удирдамжийг нийслэл болон орон нутгийн Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт хүргүүлж, нэгдсэн удирдлага, арга зүйгээр ханган ажиллаж байна.

Мөн цар тахлын үед хүүхэд хамгааллын зураглалыг гарган  ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, гамшгийн үед хүүхдийн эсрэг хүчирхийлэл, зөрчлийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах талаар шат дараатай арга хэмжээ зохион байгуулж байна.

Түргэвчилсэн үнэлгээг 109.000 орчим гэр бүлд хийсэн. Эдгээрээс  гэр бүлээс өндөр эрсдэлтэй 20.000 гаруй өрх байна. Тэдгээр өрхөд хоол тэжээлийн хүнс өгөх, мөн 4430 өрхөд Дэлхийн зөнтэй хамтран 110 ам.долларын тусламж үзүүлсэн. Агентлагийн зүгээс мөн тусламж үйлчилгээ үзүүлж, нийт дүнгээр 346 сая төгрөгийг зарцуулаад байна.

Нэн шаардлагатай 5574 өрхөд дэмжлэг туслалцаа үзүүлэхээр саналаа удирдах байгууллагадаа хүргүүлээд байна” гэлээ.

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Н.Мандуул "Хүүхдийн баярын арга хэмжээг нийслэлд хоёр байгууллага хамтран зохион байгуулдаг. Өнгөрсөн жилүүдэд төв талбай дээр арга хэмжээ зохион байгуулдаг байсан бол энэ жилийн хувьд хоёр ажлыг төлөвлөж байгаа. Эхнийх нь нийслэлийн Соёл урлагийн газраас 7 цагийн контент бэлтгэж байна. Дараагийн ажил бол хүүхдийн эрхийн талаар ойлголтуудыг олон хүнд хүртээмжтэй байдлаар бэлтгэж хотын гудамж талбай, олон нийтийн сүлжээнд байршуулах ажлыг хийнэ.

Хүүхдийн бэлэг гэхээр хүүхдэд хортой гурван зүйл төсөөлөлд буудаг болсон байна. Тодруулбал, хүүхдийн бэлэг дотор хийжүүлсэн ундаа, чипс, чихэр гурав байдгийг болиулахаар хүүхдэд юу бэлэглэж болох талаар контентыг бэлтгээд байгаа" гэлээ.

 Мөн цар тахал дэгдсэн энэ үед Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гэр бүл, хүүхэд, залуучууд руу чиглсэн олон арга хэмжээ авч ажиллаж байгаа талаар ГБХЗХГ-ын Гэр бүл, хүүхэд хөгжил хамгааллын газрын дарга Н.Өлзийхутаг танилцуулсан. Тэрбээр ХНХ-ын сайд, БСШУС-ын сайд, ЭМ-ийн сайдын хамтран баталсан “Гэр бүлийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хараа хяналттай  байлгах, болзошгүй осол гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний удирдамж”-ийг баталсан. Энэ удирдамжийн хүрээнд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас “Эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг илрүүлэх, хэрэгцээг тодорхойлох түргэвчилсэн үнэлгээ”-г 2020 оны 03 дугаар сард улсын хэмжээнд зохион байгуулж 109.991 өрхийг хамруулсан. Эдгээр өрхөд 200.0 мянга гаруй хүүхэд амьдарч байна. Урьдчилсан байдлаар дүн гаргахад 109.991 өрхийн 19 хувь буюу 20.0 мянган өрх эрсдэлтэй, 47.6 хувьд буюу 50,0 мянган өрх цаашдаа хөл хорио тогтоох арга хэмжээ үргэлжилбэл эрсдэлт нөхцөл рүү шилжих магадлалтай, хүүхдээ хараа хяналтгүй гэрт нь бие даалган үлдээдэг, өрхийн зөвхөн нэг гишүүн хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлогогүй байна.

Эрсдэл өндөртэй 20.000 өрхийн 51.1 хувь буюу 10.221 өрхийн 24.246 хүүхдэд дэмжлэг тусламж шаардлагатай, хоол хүнсний хомсдолтой, тухайн өрхөд байнгын ажлын байртай гишүүн байхгүй, зөвхөн хүүхдийн мөнгө, тэтгэвэр тэтгэмжийн мөнгөөр амьжиргаа залгаж амьдарч байна.

Манай байгууллагын “Хүүхэд, гэр бүлийн мэдээллийн сан”-гийн Эрсдэлийн программд 2020 оны 04 сарын 23-ны байдлаар 22.853 хүүхэд бүртгэлтэй байгаа бөгөөд “COVID-19” халдварын цар тахал цаашид нэмэгдэх, хорио цээрийн дэглэм үргэлжлэх тохиолдолд эдгээр хүүхдүүдэд чиглэсэн хүнс тэжээл, хувцас, амин дэм, ариутгалын бодис зэрэг суурь хэрэгцээг хангахад дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа гээсн юм.  

Түүнчлэн ГБХЗХГ-аас 2020 оны 05 дугаар сарын 01-08-ны өдрүүдэд 9 дүүргийн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа 90 өрхийн нөхцөл байдалтай танилцаж, шаардлагатай тусламж дэмжлэг үзүүлж, хэрэгцээг тодорхойлон ажилласан. Гэр бүлийн гишүүдийн 94 хувь нь 31-35 насныхан, 6 орчим хувь нь 40-46 насныхан байна. Нэг өрхөд дунджаар 0-18 хүртэлх насны 2-7 хүүхэд амьдарч байна.

Мөн нийт өрхийн 10 орчим хувьд  өрхийн зөвхөн нэг гишүүн үйлчлэгч, галч, харуул, барилгын туслах, нүүрс шуудайлж зарах гэх мэт ажил хийдэг, 85 хувь нь ажилгүй байна. Хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж, асаргааны мөнгө, Цалинтай ээж хөтөлбөрийн мөнгөнөөс өөр орлогын эх үүсвэргүй байна.

Нийт өрхийн 60 орчим хувь нь архины хамааралтай гишүүнтэй, хүүхдээ үл хайхарсан, гэрийн ахуй, нөхцөл байдал хүнд байна.

Хөгжлийн бэрхшээлтэй болон сэтгэцийн тулгамдсан асуудалтай гишүүнтэй өрхийн хувьд нөхцөл байдал илүү хүнд, өрхөд байгаа бусад хүүхдэд тавих анхаарал сул, нэмэлт амин дэм шимт тэжээл хэрэглүүлж  чаддаггүй,  өрхөд ажилгүйдэл үүссэн байна. Ялангуяа хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод шилжин ирээд өөрийн гэсэн орон гэр, газрын асуудлаа шийдвэрлүүлж чадаагүй өрх 50 орчим хувийг эзэлж байна. Иймд, ГБХЗХГ-аас  

  • Газрын асуудлыг шийдвэрлэж, орон гэртэй болгох;
  • Хүнсний талонд хамруулах;
  • Ажлын байранд холбон зуучлах;
  • Гэрээр оёдол хийх чадавхтай 2 өрх, түлээ нүүрс зардаг нэг өрхөд гарааны бизнесийн дэмжлэг үзүүлэх;
  • Өрхийн амьжиргааны түвшин доогуур 90 өрхийн хүүхдүүдийн 80 гаруй хувь нь цахимаар хичээлээ хийж чадахгүй, ангийн багш нар нь огт холбогдоогүй байгаа учраас дүүргийн Боловсрол, соёл урлагийн газарт албан бичиг илгээж, зуны хугацаанд хичээлийн хөтөлбөрөө нөхөж судлах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Хөгжлийн бэрхшээлтэй болон хоол тэжээлийн дутагдалтай хүүхдүүдийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд хэвтүүлэн эмчлүүлэх. 50 ортой тасаг шинээр нээв;
  • 6-аас дээш насны хүүхдүүдийг хорио цээрийн дэглэм цуцлагдсаны дараа хороод дээр хэрэгждэг “Би нар” төсөлд хамруулж, хүүхдийн хөгжлийг дэмжих, нийгэмшүүлэх;
  • Сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай эцэг эх, хүүхэд, өсвөр үеийнхэнд урт хугацааны нийгэм-сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх;
  • Архины хамааралтай болсон өрхийн гишүүдэд урт хугацааны эмчилгээ, зан үйлийг засах сургалтад хамруулах;
  • Анхан шатанд ажиллаж байгаа Хэсгийн ахлагч нарыг чадавхжуулж, мэдээллийг илрүүлэх, мэдээлэх, холбон зуучлах болон гэр бүлтэй ажиллах чиглэлээр чадавхжуулах зэрэг олон ажлыг шат дараалан хийж байна.

Мөн эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд болон гэр бүлд шууд болон шууд бус дэмжлэг үзүүлэх, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын эцэг эх асран хамгаалагчийн үүрэг хариуцлагатай холбоотой зүйл заалтыг танилцуулах мөн байгууллагын Эцэг эхийн зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх зэрэг арга хэмжээг авч байгаа юм.  

Түүнчлэн энэ онцгой цаг үед  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллага хамтран "Онцгой нөхцөл байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах, тусламж, дэмжлэг үзүүлэх гэрээг үзэглэж, энэ хүрээнд Хүүхдийн тусламжийн 108 утасны Чатбокс үйлчилгээнд сэтгэл зүйч бэлтгэх сургалтад хамтруулж байна. Ингэснээр Хүүхдийн тусламжийн 108 утас мэргэжлийн сэтгэлзүйчдээр хүрээгээ тэлж, тус утсанд хандсан хэн ч мэргэжлийн сэтгэлзүйчдээс зөвлөгөө авах нөхцөл боломж бүрдэж байгаа юм.