МАХН, ИЗНН-ын нэгдсэн “Та бидний эвсэл”-ийг даргалж буй Н.Энхбаярыг СЕХороо ял шийтгэлтэй учраас бүртгэхгүй гэдгээ мэдэгдсэн билээ. Тэгвэл тус байгууллагын гадна МАХН-ын гишүүд, “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр, “Босоо хөх Монгол” ТББ-ын тэргүүн П.Шинжээравдан, Х.Бээжин нэр эсэргүүцлээ илэрхийлж, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнтэй уулзах хүсэлт тавьж, өнөөдөр жагслаа.
Улмаар СЕХ-ны хамгаалалтын албаныхан дотогшоо нэвтрүүлэхгүй гэсэн учраас хүчний байгууллагатай тулгарав. МАХН-ын дарга Н.Энхбаярыг 2012 оны арванхоёрдугаар сарын 07-ны Улсын дээд шүүхийн тогтоол ёсоор нэр дэвшүүлэх боломжгүй гэдгийг СЕХ-ны хуулийн хэлтсийн төлөөлөл тэдэнд хэлсэн ч “Чамд хамаагүй, даргаа дууд” гэх мэтээр эсэргүүцэж, эцэстээ маргааш бид орчихно хэмээн гарч одлоо.
МАХН-ын гишүүдийн зүгээс намын даргаа хамгаалж, өчигдөр СЕХ-нд албан тоот, мэдэгдэл хүргүүлж “Намын дарга Н.Энхбаяр авлига албан тушаалын бус өмчийн асуудлаар ял сонссон учраас нэр дэвших боломжтой” хэмээн эсэргүүцэж байгаа аж.