Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Манай улсад коронавирусийн халдвар илэрснээс хойш 22 удаагийн нислэгээр 10.020 иргэнийг авчиржээ. Харин зургадугаар сард нийт найман тусгай үүргийн нислэг хийхээр төлөвлөсөн бөгөөд иргэдийн хүсэлтээр нислэгийн тоон нэмэхээр боллоо.
Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг хэлэхдээ, “энэ сарын 20-ны өдөр Зүүн Өмнөд Азид байгаа иргэдээ татаж авахаар боллоо. БНСУ руу транзит нислэг хийж тэднийг татан авна. Зургаадугаар сард нийт есөн удаагийн нислэгээр 2300 орчим иргэнийг татаж авахаар болсон. Транзит нислэгээр ирэх иргэдийн нэрийг аль болох эртхэн баталгаажуулж тухайн иргэдэд мэдэгдэх нь Сөүл хүртэл нисэж ирэх тийзээ худалдаж авах боломжийг нээж байгаа юм. Цаашид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг сунгагдаад явбал дараагийн тусгай үүргийн нислэг хийх төлөвлөгөө бэлэн болсон. БНСУ-д манай улсын маш олон иргэн байдгийг хүн бүхэн мэднэ. Тиймээс Солонгос руу хийх тусгай үүргийн нислэгийг хамгийн тэргүүн ээлжид авч үзнэ” гэлээ.