ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хүүхэд эндсэн таагүй мэдээгээр өглөөг угтдаг боллоо

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-06-16

-Сонгуульдаж яваад үр хүүхдээ мартаагүй биз-

Хот, хөдөөгүй сонгуулиар амьсгалж,  аль намын хэн гээч нь ялах вэ гэж хөөрцөглөх  хойгуур таны хүүхэд аливаа эрсдэлд өртөж байгаа юм биш биз. Сонгууль яах вэ, дөрвөн жилд  нэг удаа болдгоороо болоод өнгөрнө. Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ.  Харин үр хүүхдийг таньд,  таны гэр бүлд  үргэлж заяагаад байхгүй тийм л нандин, юугаар ч орлуулашгүй үнэт зүйл билээ. Харамсалтай нь сүүлийн хэдэн өдөр томчууд, эцэг, эхчүүдийн хараа хяналтгүй, хайхрамжгүй, хэнэггүй  үйлдлээс болж хүүхдүүд хорвоог орхисоор байна.

 Олон улсын хүүхдийн эрхийг  хамгаалах өдрийн  өмнөхөн олон хүүхэд харамсалтайгаар эндсэн. Гэвч сонгуулийн сурталчилгаа, намчирхал эцэг, эхчүүд, томчуудыг харалган болгож  хүүхдийн асуудлыг тэр чигт нь хойш тавьчихав.

Гэрээ мартсан гэсэр аятай ийн сонгуульдаж байх хойгуур, хоёрхон хоногийн дотор дөрвөн амь хорвоог үүрд орхисон талаарх таагүй мэдээтэй өглөөг угтдаг боллоо. Тодруубал, зургадугаар сарын 14-ны өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг,  аймгийн төвөөс баруун урд зүгт 20 км-т Эрчим багийн Нүүрстийн-Ам гэдэг газарт зургаадугаар сарын 14-ний өдрийн 12:00 цагт хоёр хүүхэд осолдож нас баржээ.  Тэд, сонгино түүх гэж яваад “Хар боом” гэх 600 орчим метр өндөр хадан хясаанаас унажээ. Хүүхдүүд 70 орчим метр өндрөөс унаж 30-35 метрт нас барсан тул цогцсыг хадан хясаанаас буулгах ажиллагаа явагдсан аж. Мөн өчигдөр буюу 15-ны өдөр  Ховд аймгийн Жаргалант  суманд  нэг ой долоон  сартай охин хашаандаа тоглож байгаад таван метр гүн жорлонгийн нүхэнд унаж амиа алдсан. Сүхбаатар аймагт нэгхэн настай хүүхэд бензин ууж нас барсан  харамсалтай хэрэг гарлаа.  

Энэ бүхэн мэдээж томчууд бидний буруу. Хэрвээ үр хүүхэддээ хараа хяналт тавьдаг, анхааруулдаг, сануулдаг байсан бол тэд ойлгох л байсан. Модон жорлонгийнхоо хаалгыг хаачихдаг,  таглачихдаг байсан бол таван метрийн гүн рүү хүүхэд унахгүй байсан.

Бензин шатахуунаа хүүхдийн  гар хүрэхгүй газар тавьсан бол,  ундааны саванд хийгээгүй бол хүүхэд тэрийг шохоорхож уухгүй байсан. Эцэг, эхчүүд бидний хайр халамж,  хараа хяналт  орхигдоогүй байсан бол тэдгээр хүүхдүүд өнөөдөр тоглож л яваа.

Таны хүүхдийг таниас өөр хэн ч харж, хамгаалахгүй. Бусдад найдаад ч хэрэггүй, тэднийхээ төлөө та л өөрөө хариуцлагатай бай. Цаашид үүсэх эрсдлийг тооцоолж хүн бүхэн дор бүрнээ хичээцгээе.