Хот юмаа мэдэж, хувийн хэвшлийнхэнд булаалгасан өмчөө авч, өөрийн хөрөнгөөр, өөрсдийн гараар бүтээн байгуулалт хийж эхэлсэн нь сайшаалтай. Аливаа юмыг сайнаар харж, сайхнаар дүгнэх, муугаар ярьж, миалж гоочлох нь их хотын соёлт иргэний эрх. Эрх гэснийх муулах, гоочлох эрхээ илүү эдэлж байгаагаас эерэгээр сэтгэх сэтгэл л дутаад байна уу даа. Хотын төвийн А зэрэглэлийн 10 гаруй газрыг хувийн хэвшлийнхэн “дээрэмдсэн” байсныг өнөөгийн хотын удирдлага, С.Амарсайхан нар хэл амны бай болж буцааж хотын мэдэлд авсан газруудын нэг нь "Хонхот цэцэрлэг". Хот "Хонхот цэцэрлэг"-ийг усан оргилуур бүхий цэцэрлэгт хүрээлэн болгож чадсан нь гайхалтай. Тэр заавал Испанийн “шидэт” усан оргилуур, Дубайн дуулалт оргилуур, Сингапурын “Хөгжил цэцэглэлт” оргилуур шиг байх ёстой гэж байгаа хүмүүст хэлэхэд, бурхан байгаа юмандаа сэтгэл ханаж чаддаг хүнийг шагнадаг юм гэсэн. Монгол Испани шиг, Сингапур шиг, Араб шиг баян болж, хөгжлөөрөө дэлхийд тасарчихаагүй байна. Уг нь хөгжиж тасрах боломж байсан уу, байсан. Боломжийг маань “хулгайч” улстөрчид нь хуйгаар нь хамж авчихаад, та бидэнд шилний цаанаас чихэр долоолгож, дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулиар 10, 20 мянган төгрөг өгч хулхидсаар өнөөдрийн ийм дорой хөгжил, дутуу сэтгэхүйтэй маань амьдруулаад байгаа юм. 1.5 сая ам.дөрвөлжин км газар нутагт, гурван сая гаруй хүнийг газар доорхи баялгаар Норвегийн туршлагаар, Арабчуудаас дутахгүй амьдруулах боломжийг маань дээрэмдсэн хүмүүстэйгээ хариуцлага тооцох тухай ярихаасаа өмнө бүтээн байгуулалт хийсэн, сэтгэл зүтгэл гаргаж хийж байгаа хүмүүсээ харлуулж доромжилж суугаа нь өрөвдөлтэй.
"Хонхот цэцэрлэг"-ийн усан оргилуур хэнд ч хэрэггүй, өнөөдөр лав хэрэггүй, муу юм хийж, муухай болж гэхээсээ өмнө бодоод үзээрэй. Хэрэв тэр газар Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар хотын банкны барьцаанд “Юү би констракшн”-ы мэдэлд хэвээрээ байсан бол, Хотын дарга С.Амарсайхан зориг гарган хотын өмчдөө буцааж аваагүй байсан бол тэр газарт шөнийн клуб, зочид буудал баригдах байсан ч юм бил үү. Эсвэл гадны томоохон бизнесмэнд өндөр үнээр зарагдчих ч байсан юм бил үү. Хот өнгөө засч байна, хотын өнгө үзэмжийг сайжруулж, та бидний ярьдаг “Аз жаргалтай Улаанбаатар”-ыг бий болгох гэж хичээж л байна. Хотын хамаг сайхан газруудыг зараад дуусгачихлаа, хот юмаа мэддэг юм бол буцаагаад ав гэцгээсэн, бид. Хот авсан. Авсан газартаа бага ч атугай бүтээн байгуулалт хийлээ. Болохгүй нь юу байна. Нүд, сэтгэлээ баясгах усан оргилууртай боллоо. Дэвшил байна уу, байна. Цаашдаа засч сайжруулаад, өнгө үзэмжийг нь дээрдүүлээд л явах биз.
Хотын Захирагч С.Амарсайханд баярлалаа гэж хэлж чадахгүй юм бол хийсэн ажлыг нь харлуулмааргүй байна. Тэр хотын дарга болсноосоо хойш Улаанбаатар хотын өмнөх дарга нарын зарсан, наймаалсан олон газрыг хотын мэдэлд авсныг бид мэдэж л байгаа. Бас түүнд нь ч талархах хэрэгтэй бус уу. Энэ бол сонгууль биш, бас сурталчилгаа ч биш. Хийж бүтээж байгаа нэгнийхээ сэтгэл рүү ус цацахын оронд эрүүлээр шүүмжилж, эерэгээр хардаг болчихвол...