Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өчигдөр нийт 264 хүний сорьцод коронавирус илрүүлэх шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Монгол Улсад батлагдсан нийт 288 тохиолдлоос 218 хүнийг эмчлэн эдгээж, дараа дараагийн хяналт руу шилжүүлсэн байна. ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа 70 хүнээс 64 нь хөнгөн, зургаан хүний биеийн байдал хүндэвтэр байна. Өнөөдөр өглөө 07.00 цагт Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 266 иргэн ирсэн. Үүнээс сэжигтэй дөрвөн хүнийг ХӨСҮТ-д, мөн дээрх хүмүүстэй хавьтал болсон гэж үзсэн дөрвөн хүнийг тусгаарласан бол үлдсэн хүмүүсийг ажиглах байруудад хуваарилсан. Бид дараагийн тусгай үүргийн онгоцоо хүлээж авах бэлтгэл ажлаа хангаж байна" гэлээ.