ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн харъяа үйлдвэр, уурхайнуудад ажиллалаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-08-03

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн харъяа Салхит, Багануур, Шивээ-Овоогийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ хүрээнд 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцан, төлөвлөгөөний биелэлт, техник технологийн шинэчлэл болон бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэх хүрээнд холбогдох үүрэг, чиглэлүүдийг өглөө.

Салхитын мөнгө-алтны ордын нөөц нэмэгдэнэ

Дундговь аймгийн Гурвансайхан сумын нутагт орших Салхитын мөнгө-алтны орд нь нийт 2,920 мян.тн нөөцтэй, жилд 600 мян.тн хүдэр олборлох хүчин чадалтай. Энэ онд тус уурхай мөнгөний хүдрийн ил овоолгоос нийт 200 мян.тн хүдэр борлуулахаар төлөвлөснөөс одоогоор 110 мян.тн мөнгөний хүдрийг 31.7 тэрбум төгрөгөөр борлуулжээ. Ингэснээр толгой компани болох “Эрдэнэс Монгол”-оос санхүүжүүлсэн зээлийн төлбөрийг барагдуулан, “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК өөрийгөө санхүүжүүлэх хэмжээнд хүрсэн байна.

Салхитын мөнгө-алтны ордын анх батлагдсан нөөц нэмэгдэх тооцоолол гарчээ. Нийт 2890 орчим га талбайг хамрах тус ордод уурхайчид дахин өрөмдлөг, уул сувгийн ажил хийсний дүнд нөөц 2-3 дахин өсөхөөр тооцоолол гарсныг “Эрдэнэс Силвер Ресурс” компанийн захирал Т.Мөнхбаяр танилцуулсан. Түүнчлэн баяжуулах үйлдвэрийг өргөтгөж, хүдэр боловсруулах үйлдвэрийн хүчин чадлыг 600 мян.тн-д хүргэхээр ажиллаж эхэлжээ. Үүнийг дагаад чанар хяналтын лабораторийг өргөтгөхөөс гадна үйлдвэрийн цахилгаан хангамжийг нэмэгдүүлэх хүрээнд Мандалговь хотоос ЦДАШ татах аж. Мөн 300 орчим хүн байрлах боломжтой 6 хэсэг ажилчдын кемпийг нэмж барих ажил 60 хувьтай байна.

Салхитын мөнгө-алтны ордын анх батлагдсан нөөц болон одоо хийгдэж буй өрөмдлөгөөр нэмэгдэх нөөцийн тооцоог нарийвчлан шалгаж Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулах, нэмэгдсэн нөөцөөр ТЭЗҮ боловсруулах, баяжуулах фабрикийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зэрэг ажилд яамны мэргэжилтнүүдийн зөвлөгөө, дэмжлэг чухал шаардлагатай байгааг салбарын сайд Г.Ёндон анхаарууллаа. “Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас нөөцийн талаар нэг тоо өгдөг. Гэтэл төсөл хэрэгжүүлэгч компани бас нэг зөрүүтэй тоо өгдөг байж болохгүй. Тиймээс ордын нөөц болон ашиглалтын үндсэн үзүүлэлтүүдээ нэг мөр болгож цаашдын амжилт бүтээлийн төлөө нягт хамтран ажиллах хэрэгтэй. Мөн шинэ баяжуулах үйлдэрийн тоног төхөөрөмжийн сонголтыг зөв хийж, нарийн мэргэжлийн ажилтнуудын үүрэг оролцоог нэмэгдүүлж, мэдлэг ур чадварыг бүрэн гүйцэд ашиглах шаардлагатай” гэдгийг салбар яам болон компанийн удирдлагуудад сайдын зүгээс чиглэл болголоо.

Г.Ёндон: Багануур, Шивээ-Овоогийн уурхайд зардал хэмнэх боломж их байна

“Шивээ-Овоо” ХК нийт 20 машин, техниктэй ажиллахаар төлөвлөсөн ч одоогоор хөрс тээвэрлэх, нүүрс олборлон борлуулах ажлыг 10-14 машин гүйцэтгэж байна. Техник, тоног төхөөрөмжийн элэгдэл, олон жилийн насжилт ихтэйгээс хөрс хуулалтын ажил хоцрогдолтой явж байгаа аж. Мөн 1 тонн нүүрсний үнийг жилийн өмнөөс 2000 төгрөгөөр нэмэгдүүлж 29,060 төгрөг болгосон бөгөөд тонн тутамд 3,843 төгрөгийн алдагдал хүлээж байгаа учраас техникийн шинэчлэл хийх мөнгөн хөрөнгийн хомсдол хүлээж буйг “Шивээ-Овоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Энхтүвшин хэллээ. Иймээс нүүрсний үнийг олборлолтын бодит өртөгт хүргэж байж техникийн шинэчлэл хийх боломж бүрдэнэ гэв. Тус уурхайн олон жилийн турш хуримтлагдсан нийт өр төлбөр нийт 120 тэрбум төгрөгт хүрсэн учраас юуны түрүүнд нүүрсний өртөг үнийн зөрүүг шийдвэрлэх нь тулгамдсан асуудал болсныг учирлалаа. Зардал бууруулах чиглэлд уурхайн зүгээс COVID-19 цар тахалтай холбоотой цалингийн санг хэмнэж,  цахилгааны чадлын тариф нэмэгдсэнтэй холбогдуулан ид оргил ачаалалтай цагт цэвэрлэгээ үйлчилгээ засварын ажлыг хийсэн байна.

Салбарын сайдын зүгээс нийт өр төлбөрийг шийдвэрлэхийн тулд уурхайн удирдлагууд санаачилгатай, шинэ гарц хайж ажиллах шаардлагатай байгааг анхааруулав. “Уул уурхай бол мэргэжлийн бөгөөд сэтгэлтэй хүний ажилладаг салбар. Шивээ-Овоогийн уурхайн хувьд машин техникийн эд анги, техник хэрэгслээ хэмнэсэн жолооч нарт урамшуулал олгохоос эхлээд хүн бүр, хэсэг бүр, цех бүрээс зардлаа хэмнэх арга барилд шилжиж, бүтээмж өндөртэй ажиллах боломж харагдаж байна. Зардал хэмнэе гэхээр нийгмийн халамж, цалин мөнгө хасах тухай ярих биш, эрчим хүч, техникийн зардлаа хэмнэх арга барилаас эхлэх учиртай”-г сануулж, 14 хоногийн дараа зардал хэмнэх бодит төлөвлөгөө танилцуулахыг компанийн удирдлагуудад үүрэг болголоо.  Мөн удирдлагуудын танилцуулсан санал болох вагон ачилтын төмөр замыг 5.7 км сунгаж  нүүрс ачилтын талбай, складыг шинээр байгуулж өртөг зардал бууруулах судалгааг хийж хэрэгжүүлэх нь зүйтэйг онцолсон.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 132 дугаар тогтоолын хүрээнд Шивээ-Овоогийн уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс Сангийн яамнаас Багануур, Шивээ-Овоогийн уурхайд тус бүр 20 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор болсон. Тус зээлийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэх юм байна. “Шивээ Овоо” ХК-ийн хувьд Амгалангийн ДЦС-ын өргөтгөлтэй холбоотойгоор 2021 оноос нүүрс олборлолт жилд 300 мян.тонноор нэмэгдэх тооцоолол гарсан. Тиймээс Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны зээлийн эргэн төлөлтийг бүрэн барагдуулж, өр төлбөр буурах боломжтой гэв. Шивээ-Овоогийн уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 60 хувьтай байна.

Багануурын уурхайн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн 63 хувь нь ашиглалтын хугацаа дуусчээ

“Багануур” ХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажил 45 орчим хувьдаа оржээ. Бэлтгэл ажил хугацаандаа дуусч, өртгөө бууруулан, хэмнэлтийн горимд ажиллахаар зорьж энэ хүрээнд эрчим хүч, эд анги сэргээн засварлах болон ЭШ 10/70 экскаваторын шанага үйлдвэрлэхээр ажиллаж байна.

Сүүлийн жилүүдэд уурхайн техник технологийг боломжийн хэрээр үе шаттайгаар шинэчилж байгаа ч, үндсэн үйлдвэрлэлийн нийт тоног төхөөрөмжийн 63 хувь нь ашиглалтын хугацаа дууссан учраас техникүүдийг сэлбэж шинэчлэн, зардал бууруулах шаардлагатайг ярьж байна. Үүний тулд мөн л нүүрсний үнийг нэмэгдүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангахад шаардлагатай санхүүжилт болох 25 тэрбум төгрөгийг төсвийн зээлээр шийдэж өгөхийг холбогдох яамдаас хүсчээ. Тус уурхайгаас Эрчим хүчний зохицуулах хороонд үнэ нэмэгдүүлэх саналаа хүргүүлсэн байна. Хэрэв ийм арга хэмжээ авахгүй бол орлого 5.9 тэрбум төгрөгөөр буурах тооцоолол гараад байгаа аж. Гол хүндрэлтэй асуудал нь хөрөнгө оруулалтыг зээлээр шийдэж байгаа учраас өр төлбөр нэмэгдсээр байгааг “Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун хэлсэн.

“Багануурын уурхайн өртөг зардлыг бууруулахын тулд ажлын цаг ашиглалтыг сайжруулж, техникийн ашиглалт ажиллагааны түвшинг өндөрсгөхөд анхаарах хэрэгтэй.  Мөн инженерүүдийнхээ оюуны бүтээлийг уурхайн ажилд өргөнөөр нэвтрүүлэх цаг болсон. Зөвхөн Засгийн дэмжлэгийг хүлээх биш сайн менежерийн түвшинд ажиллах ёстой”-г Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд зөвлөж, мөн л зардал хэмнэх бодит төлөвлөгөө боловсруулах хугацаатай үүрэг даалгавар өглөө.

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн хувьд Багануурын уурхайн өртөг зардлыг бууруулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд жил бүр анхаарч ажилладаг байна.  Энэ хүрээнд ус шүүрүүлэх байгууламжийг шилжүүлэх, шинэ байгууламжтай болгох, дэд станц нүүлгэх, мөн нүүрсний чанарыг барих зэрэгт анхаарч ажиллаж буйгаа Газрын захирал Б.Элбэгзаяа хэллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 132 дугаар тогтоолын хүрээнд уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх үүднээс 24.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр тооцсон. Техникийн шинэчлэлийг хоёр үе шаттай санхүүжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд хөрс болон нүүрс тээврийн автосамосвал, экскаватор, 2 гинжит бульдозер, засвар үйлчилгээний машин зэргийг авахаар төлөвлөж, тендэр зарлагдаад байгаа аж.