Энэ сарын 17-ны өдрийн 14:00 цагийн орчим Улаанбаатар-Зүүнхараа чиглэлийн ачааны 2557 дугаар галт тэрэг зорчих үед Сонгинохайрхан дүүргийн 21 хороо "Ногоон толгой" орчим зусаж байсан малчин Б-н хариулгагүй орхисон 15 тооны бог мал төмөр замын хориг хашаанд орж галт тэргэнд дайруулжээ. Улмаар тус галт тэргийг саатуулсан байна.
Галт тэрэг нь олон тооны жинтэй ачаа тээвэрлэж, бусад тээврийн хэрэгсэл шиг тэр дороо зогсох буюу эгнээ байраа өөрчлөх боломжгүй учраас малчдыг малаа төмөр замын аюултай бүсээс холуур бэлчээх, малаа хариулгагүй орхихгүй байхыг анхааруулж байна.
Зөрчлийн тухай хуулийн 14.10 дугаар зүйл. Төмөр замын тээврийн тухай хууль зөрчих 5.3. Мал бүхий иргэд малаа хариулгагүй орхисноос төмөр замын хориг хашаанд орж галт тэрэг саатуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.