Энэ сарын 24-ний өдөр буюу өчигдөр 19.18 цагийн орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт зам тээврийн ноцтой осол гарчээ. Тодруулбал, Цонжинболдогийн хажуугийн автозамд засмал замд “Toyota prius” маркийн автомашины жолооч С нь “Toyota prius” маркийн автомашинтай мөргөлдсөн осол гарчээ. Ослын улмаас зорчигч дөрвөн сартай, эрэгтэй А нь амиа алдаж, хоёр хүн гэмтсэн байна.
Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо зам, орчны байдалд хурдаа зөв тохируулах, жолооч, зорчигч нар хамгаалах бүс хэрэглэх, хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэж байхыг анхааруулж байна.
Жолооч таны анхаарал болгоомжгүй хийсэн ганцхан үйлдэл бусдад ямар их аюул, харуусал дагуулдгийг бүү март. Улсын баяр наадмаас хойш хэд хэдэн удаагийн маш ноцтой ослуудад дандаа хүүхдүүд өртөж байгааг анхаарч, хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлэхийг нийт жолооч нартаа уриалъя. Таны хүүхдийн амь таны гарт байгаа гэдгийг ямагт санаж, замын хөдөлгөөнд соёлтой оролцъё.