ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ширхэг тамхины зөрчил биш шийдсэн луйварчидтайгаа тэмцээч, МХЕГ-ынхаан

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-08-26

МХЕГ-ын байцаагч нарын ширхэг тамхины зөрчил илрүүлэлт, жижиг ТҮЦ-нд хийсэн "гэнэтийн" шалгалтыг нь энгийн иргэнд халтай, эрх мэдэлтэнд талтай байдаг хэмээн буруутгаж, нөгөө хэсэг нь зөв хэмээн өмгөөлөх асуудал олон гардаг. 

Зөв, буруу гэж хоёр хуваагдахаас илүүтэй төрийн шийдвэрийг хэрэгжүүлэх учиртай байгууллага нь хүн бүхэнд л эрх тэгш үйлчилж байх ёстойг сануулмаар санагдсан юм. Мэргэжлийн хяналтын байгууллага ажил үүргээ гүйцэтгэсэн ч амьдралаа залгуулж яваа тэтгэврийн өвөө эмээ нарт эсвэл эцэг, эхдээ нэмэр болох гэсэн хүүхдүүдэд эр бяр, эрдэм чадлаа үзүүлдэг баймааргүй санагдах болов. 

Тэр дундаа хулгайн анчид, хуулийн дор юу хүссэнээ хийдэг улстөрчид, Туулын голын хашчихсан мөнгөтэй олигархиуд уулнаас нойтон мод унаган зөөж, модон дотор дураараа хашаа хатгаж үнэтэй барилга, байшин барьчихдаг хүмүүст тэд төрийн төмөр нүүрийг харуулж, тусгай зөвшөөрлийг нь хурааж, хуулийн хариуцлага тооцдог бол хэчнээн сайхан бэ. Жирийн иргэд бидэнд тийм эрх ямба хэзээ ч олдохгүй байх. Гэтэл уул усаа ухсаныг нь яаж ч чадахгүй атлаа уулын самар нэг шуудай түүсэн, ширхэг тамхи зарсан тэтгэврийн өвгөнд яасан их дээрэнгүй хандана вэ, энэ төр.

Дэлхийд газар нутгийн хэмжээгээр эхний 10-т багтдаг цөөхөн монголчууд атлаа, атгахан газар хатгаад авахад хэдэн сая төгрөгөөр үнэлчихдэг. Гайгүйхэн бизнес эхэлчихье гэхээр төрийн хүнд суртал, шалгалт хяналт нь дийлдэхгүй. Олон төрлийн бичиг баримт шаардаж, дахин дахин явуулна, дарамтална.  Харин чадалтай нь ганц утас цохиод өмчилчихдөг, эсвэл юу хүссэнээ нээж болдог болжээ. Нүднээ илхэн шударга бус зүйл байсаар байхад мэргэжлийн  хяналтын байгууллага тэднийг  биш жирийн иргэдийг байцааж, шалгаж, ширхэглэж зарсан тамхи илрүүлснээ ажил хийсэн гэж тайлагнаж, албан ажил явсан гэж дөвчигнөж суумааргүй байх юм, уг нь. Төр төмөр нүүрээ харуулж байгаа л бол бүгдэд нь эрх тэгш ханд. Хууль бус газар олголтыг нэгд нэгэнгүй шалга. Автобусны буудалд бохь чихэр зарж суугаа өвөө эмээ, жижиг ТҮЦ-ийг шалгаж,  арга хэмжээ авдаг шигээ тэднийг ч бас шалгах нь мэргэжлийн хяналтын байгууллагын үүрэг байх аа. Монгол Улсын хууль бүх хүмүүст тэгш үйлчлэх ёстой. Төрийн байгууллагын оролцоотой Монголын баялгийг гадныхантай нийлээд олон жил цөлмөлөө. Хууль бусаар эрх мэдлээ ашиглаж зөөсөөр ч байх нь тодорхой. Түүнийг нь мэргэжлийн гэх тодотголтой төрийн байгууллагууд нь хаацайлсаар байх нь ч тодорхой биз.

Өнөөдөр дэлхий даяар тархсан цар тахлын  уршгаар хэдэн зуун мянган хүн амиа алдаж байна. Манай улс ч урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, халдварыг  дотроо  алдаагүй, хөл  хорио тогтоогоод буй. Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хэдий ч баар, караоке хэвийн ажиллахаар болсон. Гэсэн ч тэд шөнийн 00:00 цагт хаах ёстой байтал үүр цайтал ажиллаж байгааг шалгаж байгаа юу, танай ажилтнууд.  Эрүүл аюулгүй дүрэм тэнд үйлчилж байна уу. Гудамжаар дүүрэн байгаа хүний аминд хүрч мэдэх барилгуудад хяналт тавьсан уу. Дотроос нь хаалгаа түгжчихээд хүмүүст үйлчилж байгааг  мэдсэн ч мэдээгүй мэт хандаж байна уу.  Тэднийг дүрэм, журмаа зөрчсөн гэж хаасан уу. Үйл ажиллагаа явуулах эрх, гэрчилгээг нь хураасан уу.

Дүрэм журмаа биелүүлээгүй бол шийтгүүлдэг зарчим чинь нялх балчир үрс, ширхэг тамхи зарсан өвөө, эмээ нарт бус том дарга нар, дураараа дургиж,  дунд чөмгөөрөө жиргэж буй гадныханд хүрч үйлчилдэг байхсан. Хэдий хүртэл тамхи, самар гэсэн жижиг зүйлтэй ноцолдож, хууль бусыг нүдний чинь дор үйлдэж байгаа төрийн том хулгайчдыг хаацайлах юм бэ. Монгол Улсын 21 аймагт дураар дургиж буй хууль бус лиценз, аюулгүй байдлаа хангаж чадаагүй хүний алтан амь авсаар байгаа уул уурхай, барилгын компаниудтай дайн зарлахгүй юм уу, дарга нар аа.