Уул уурхайн компаниудын нөхөн сэргээлтийн талаар Нийслэлийн байгаль орчны газар, Экологийн цагдаагийн албанаас мэдээлэл хийлээ. Нийт 69 аж ахуйн нэгжид 87 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн хоёр аж ахуйн нэгжид хэрэг нээн шалгаж байгаа аж.
Түүнээс гадна “Нөхөн сэргээлт- 2020” ерөнхий арга хэмжээг БОАЖЯ, Уул уурхайн яам, МХЕГ-ын хамтарсан тушаалаар улсын хэмжээнд зохион байгуулахаар болжээ. Уг арга хэмжээг НМХГ, НБОГ, Экологийн цагдаагийн албаныхан нийслэл хотод хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Эрүүгийн хуулийн заалтаар улсын хэмжээнд нийт 17 гэмт хэрэг илрүүлж, 9 зөрчлийг нутаг дэвсгэр хариуцсан алба хаагчид шалгаж эхэлжээ.
Нийслэлийн хэмжээнд нөхөн сэргээх шаардлагатай 387 га талбай эвдэгдсэн гэсэн тоо шалгалтын явцад илэрсэн. Улмаар мэргэжлийн байгууллагаар хохирлыг тооцуулж, тухайн газрыг эвдсэн эзэн холбогдогчоор хуулийн дагуу нөхөн сэргээлт хийлгэхээр болжээ. Харин эзэн холбогдогч нь олдохгүй байгаа тохиолдолд улсын төсвийн хөрөнгөөр нөхөн сэргээлт хийж, тухайн эзнийг нь цагдаагийн байгууллагын туслалцаатайгаар эрэн сурвалжилж нөхөн төлүүлэх замаар шийдвэрлэх аж.