Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Туркийн Хамтын ажиллагааны зохицуулах агентлаг /ТИКА/-тай хамтран “Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”-н сургалт зохион байгуулж байна.
Сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн байцаагчид, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн мэргэжилтнүүд оролцож байна. Тус сургалт таван өдөр үргэлжлэх бөгөөд үйлдвэрлэл, үйлчилгээний салбар бүрээр аж ахуйн нэгж байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан, багш нарын төлөөлөл хамрагдах юм.
Нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, дэд сайд С.Зулпхар, ТИКА-ийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулагч Эмрах Уста Умэр оролцлоо. Мөн ТИКА-ийн дэд ерөнхийлөгч Доктор Рахман Нурдун, Туркийн Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын ерөхий газрын дарга Жафэр Узункаяа нээлтэд цахимаар оролцож амжилт хүслээ.
Дэлхий нийтийг түгшээж буй Ковид-19 цар тахлын өнөөгийн нөхцөл байдалд бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж байгууллагуудыг ажлын байраа хадгалж, үйл ажиллагаа хэвийн үргэлжлүүлэхэд Турк Улс өөрийн арга, туршлага, мэдээллээ Монгол Улстай хуваалцаж байна. Энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Ковид-19 халдварт цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлогын зорилттой уялдаж байгаа юм. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт аж ахуйн нэгж, хуваариа хөдөлмөр эрхлэгчдэд хөдөлмөрийн аюулгүй байдал, ариун цэвэр, халдваргүйжүүлэлтийн горимыг хангахад шаардлагатай мэдээлэл, сурталчилгаа, сургалт зохион байгуулах замаар ажлын байраа хадгалах, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлнэ гэж заасан байна.
Сургалтад оролцогчид Ковид 19 цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд ажлын байранд зайлшгүй авч хэрэгжүүлэх ерөнхий болон үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын онцлогтой уялдсан арга хэмжээ, түүнийг хянах талаар Турк Улсын сайн туршлага, боловсруулсан арга аргачлалаас суралцана. Тухайлбал, барилга, уул уурхай, эрчим хүч, хүнс, газар тариалан, шатахуун, хийн түлш, хөдөө аж ахуй, зочид буудал, тээвэр, нийтийн хоол, үсчин, гоо сайхан зэрэг үйлдвэрлэл, үйлчилгээний салбар тус бүрийн ажлын байрны онцлогтой уялдан коронавирусын дэгдэлтээс хэрхэн хамгаалах талаар мэдлэг, мэдээлэл олж авах юм.