Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өнгөрөгч сарын 31-ний өдөр лабораторид нийт 318 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Түүнээс гурван хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ. Эдгээр хүмүүс нь наймдугаар сарын 30-нд Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 60 настай эрэгтэй, 21 настай, эрэгтэй, 58 настай эмэгтэй. Мөн 315 хүний сорьцод коронавирус илрээгүй” хэмээн мэдэгдлээ.
Түүнчлэн Монгол Улсад коронавирусийн халдварын зөөвөрлөгдөн орж ирсэн тохиолдол 304 болж, 295 нь эдгэрсэн байна. Түүнээс 29 нь сувилал, 40 нь гэрийн ажиглалтад, 226 хүн ажиглалтын хугацаа дууссан аж. Одоогийн байдлаар есөн хүн эмчлүүлж байгаа ажээ.