УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн өөрийн бие төлөөлөгчөөр Баянзүрх дүүргийн ИХТ Б.Дэмбэрэлийг сонгож, итгэл хүлээлгэжээ. Тэрбээр 2016 оны орон нутгийн сонгуульд МАН-аас Баянзүрх дүүргийн ИХТ-д нэр дэвшиж, ялалт байгуулсан билээ. Тэрбээр өнгөрсөн хугацаанд дүүргийнхээ иргэдийн санаа бодлыг сонсож, эргэх холбоотой ажилладаг төдийгүй тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлүүлэх, нийгмийн асуудалд нь анхаарах зэргээр ажиллаж ирсэн байна. Түүгээр ч зогсохгүй соошл орчинд нээлттэй бөгөөд хийсэн, бүтээсэн ажил болон иргэдийн санал хүсэлтийг өөрийн цахим хаяг, утсаар авдаг төдийгүй асуудлыг шийдвэрлүүлэхэд анхаарч ажилладаг аж. Тэрбээр АШУИС-ийг Сувилахуйн арга зүйч, Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистр, “Билэг” дээд сургуулийн эрхзүйн ангийг тус тус дүүргэжээ. Б.Дэмбэрэл нь улс төрд орсон шалтгаанаа “Улаанбаатар хотын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахаас гадна төрийн албаны хүнд суртлыг арилгах, өөрчлөх зорилгоор улс төрийг сонирхож эхэлсэн. Хувийн бизнес эрхэлдэг учраас төрийн албаны хүнд суртлыг биеэрээ туулсан гэхэд болно. Үүнийг өөрчлөхийн тулд менежмент гаргаж, багт нь орж ажиллах юмсан” гэж ярьж байсан удаатай.