ШӨХТГ-аас өнөөдөр хүнсний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болох талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалдаалдаг байгууллагуудыг дуудан уулзалт хийсэн юм. Тус газраас энэ сарын 3-наас эхлэн нийслэлийн зургаан дүүрэг дэх 30 гаруй худалдааны төв, гурилын үйлдвэрүүдэд хяналт шалгалт хийсэн байна. Энэ үеэр жижиглэнгийн үнийн судалгаагаар зарим нэр төрлийн гурилан бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүй нэмсэн байна. Тэр дундаа "Алтан Тариа" ХХК-ийн гурил кг тутамд 30-330 төгрөгөөр, "Талх Чихэр" компанийн бүтээгдэхүүнүүд 60-330 төгрөгөөр нэмжээ. Тиймээс бүтээгдэхүүний үнийг үндэслэлгүй нэмсэн үйлдвэр болон жижиглэн худалдааны газруудад арга хэмжээ авна. Бид үнээ нэмсэн компаниудад Татварын ерөнхий газар, ШӨХТГ, МХЕГ болон ОБЕГ-ын Гамшгийн хяналтын байцаагч нарын хамтарсан шалгалтыг оруулна. Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу Зөрчлийн тухай хуулиар байгууллагын 1000-20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Бид үнэ нэмэхийг зөвшөөрөхгүй. Учир нь үнэ нэмэх үндэслэл байхгүй" гэж ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ мэдэгдлээ. Түүнчлэн "Өнгөрсөн хугацаанд гурилын үнэ нэмэгдэх шалтгаан байхгүй. Шинэ ургац гараагүй байна. Цахилгааны үнэ нэмэгдээгүй гэдгийг Эрчим хүчний зохицуулах хороо мэдэгдсэн. Өнгөрөгч дөрөвдүгээр сард батлагдсан гаалийн татвараас чөлөөлөх тухай хуулийн өөрчлөлт 2022 оны нэгдүгээр сарын 1 хүртэл хүчинтэй. Шинэ батлагдсан цар тахлын үеийн хуулийн дагуу гамшгийн үед үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байхыг аж ахуй нэгжүүдэд даалгасан байгаа. Ам.долларын ханш 0,2 хувиар өссөн, рублийн үнэ өсөөгүй, түрээсийн үнийг өсгөхгүй байх тогтоол гарснаас харвал бүтээгдэхүүний үнэ түрээс болон валютаас болж нэмэгдэх шалтгаан байхгүй” гэсэн юм.