ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Т.ЭНХЗАЯА: ЭНЭ САРЫН СҮҮЛЭЭР ТОМУУГИЙН ВАКЦИН ХИЙГДЭЖ ЭХЭЛНЭ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-09-09

 

Томуугийн вакцины тухайд жил бүр Монгол Улсын Засгийн Газрын санхүүжилтээр хийгддэг бөгөөд энэ жилийн эхний ээлжийн томуугийн вакциныг НҮБ-ын Хүүхдийн сангаар захиалжээ. Уг вакциныг зорилтот бүлгийн хүн амдаа зориулан дархлаажуулалтыг хийх аж. Өнөө жилийн вакциныг есдүгээр сарын сүүлээр эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа гэдгийг ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа онцоллоо. Энэ удаа БНСУ-ын "Green Cross" компанид үйлдвэрлэсэн гурван цэнт вакцин ирэх юм байна.

Манай улс аливаа нэг шинэ вакциныг хэрэглэхдээ Дархлаажуулалтын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл ахуйн тухай хууль, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хууль зэрэг маш олон хууль тогтоомж, дүрмийг сахин хэрэгжүүлдэг. Эрүүл мэндийн яамны дэргэд Дархлаажуулалтын үндэсний хороо ажиллаж, дархлаажуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэж шийдвэрлэдэг аж.

Харин "Ковид-19"-ын эсрэг вакцины тухайд дэлхийн эрдэмтэд ажилласаар байгаа бөгөөд өнөөдөр дэлхий дахинд 172 үйлдвэрлэгч, эрдэмтэд вакцин бүтээгээд туршилтын шатандаа явж байна гэлээ. Үүний 142 нь эмнэлзүйн судалгааны өмнөх түвшинд байгаа бол 34 үйлдвэрлэгчид клиникийнхээ өмнөх түвшинд, 8 үйлдвэрлэгчийн вакцин нь клиникийн хоёр, гурав дах шатны туршилтдаа явж байгаа гэсэн мэдээллийг аваад байгаа аж. 

"Вакцины үйлдвэрлэл, клиникийн туршилтууд амжилттай болж, холбогдох бүртгэл, баталгаажуулалт, чанар, хяналтын дараа зах зээлд нийлүүлэгддэг юм. Одоогоор дэлхий дахинд нийлүүлэлтэд бэлэн болсон вакцин гараагүй байна. Манай зүгээс аль улсаас вакцин авах нь одоогоор тодорхойгүй байгаа" хэмээн Т.Энхзаяа дарга мэдэгдсэн юм.