Эрх бүхий 21 албан тушаалтан Улсын онцгой комиссын данснаас нэг, нэг сая төгрөгийн мөнгөн урамшууллыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханы шийдвэрийн дагуу авсан билээ. Үүнд НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулууны нэр байгаа юм. Ингээд түүнтэй холбогдож, “таван үг” солилоо.
-Сая төгрөгийн урамшуулал, шагнал авсан хүний тоонд таны нэр багтсан байх юм. Энэ үнэн үү?
-Эрх бүхий байгууллагын албан тушаалтны шийдвэрийн дагуу тухайн үед шагнал, урамшуулал авсан нь үнэн. Хотын даргын шийдвэр гараад, захирамжийн хүрээнд авсан юм. Шийдвэр гаргасан албан тушаалтан нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан С.Амарсайхан шүү дээ.
-Хэдий тушаал шийдвэр ч гэлээ шагнал, урамшуулал авах нь зөв байсан уу. Монголчууд цар тахлын эсрэг нэгдэж, найман настай балчраас 80 настай буурай хүртэл хандивын үйл ажиллагаанд оролцсон шүү дээ?
-Миний хувьд ажлаа хийгээд, түүнд нь урамшуулж олгосон мөнгө гэж ойлгож байгаа. Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын тогтоолоор төрийн албан хаагч нь цалин, хөлс, нэмэгдэл урамшуулал авч болно гэсэн заалттай. Эрх зүйн хувьд хууль ёсных байх гэж ойлгосон.
-Та буцааж төлөхөд бэлэн үү?
-Энэхүү шийдвэрийг буруу гэж үзвэл тухайн мөнгийг буцааж өгөхөд татгалзах зүйл байхгүй. Хамгийн чухал нь тухайн эрх бүхий албан тушаалтны шийдвэр зөв үү, буруу юу гэдэг зүйл ярих байх.
-Онцгой цаг үед хандивын данснаас урамшуулал авах зөв юм уу. Тэвчиж яагаад болоогүй юм бэ?
-Эх үүсвэрийг мэдэхгүй шүү дээ. Эрх бүхий албан тушаалтны шийдвэр. Бид өөрсөддөө шийдвэр гаргаагүй. Намайг урамшуулсан эх үүсвэр нь хаанаас гарсан гэдгийг би мэдэхгүй. Мэдэх ч боломжгүй.
-Өмнө нь ингэж авч байсан уу?
-Оны үндсэн үйл ажиллагаагаар жил бүр байгууллага, хувь хүний ажлыг дүгнээд төрийн албаны хуульд заасны дагуу урамшуулал олгож байсан. Төрийн албан хаагчийн үндсэн цалин, нэмэгдэл хөлс, урамшууллаас бүрдэнэ гэж бий. Энэ хүрээнд урамшууллыг өгч байсан.