ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ДЭМБ-ын хуралдаанаар Монгол Улсыг онцлов

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2020-10-06

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 71 дүгээр чуулган өнөөдрөөс эхлэн виртуаль хэлбэрээр хуралдаж эхэллээ. Энэ удаагийн чуулганы даргаар Филиппин Улс, дэд даргаар Фижи Улс сонгогдлоо. Чуулганы нээж ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Тедрос Гебрейусус хэлсэн үгэндээ Номхон далайн баруун бүсэд ДЭМБ-ын бусад бүсүүдтэй харьцуулахад КОВИД-19 халдварын өвчлөл, эндэгдлийн тохиолдол хамгийн цөөн бүртгэгдсэн болохыг тэмдэглэж, цаашид сонор сэрэмжээ улам өндөрсгөж ажиллахыг уриалав. Түүнчлэн улс орнууд вакцинд найдахаас илүүтэйгээр хямд төсөр өртөг бүхий нийгмийн эрүүл мэндийн үр дүнтэй бусад олон арга хэрэгслийг ашиглаж халдварыг хязгаарлах талаар идэвхитэй ажиллах шаардлагатайг онцоллоо. Мөн Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши тайландаа халдварын тархалтыг хязгаарлах чиглэлээр үр дүнтэй арга хэмжээ авч хэрэгжүүлсэн зарим улс орнуудыг онцлов.

Тухайлбал, Монгол Улс, Бүгд Найрамдах Лаос Ард Улс, Микронезийн Холбооны Улс зэрэг улс орнуудын сайн туршлагаас хуваалцсан богино хэмжээний баримтат киног үзүүлж, цар тахлын тэргүүн шугаманд цуцалтгүй ажиллаж байгаа олон улсын эрүүл мэндийн болон бусад олон салбарын ажилтнуудад талархал илэрхийлж, хүндэтгэл үзүүлжээ. Баримтат кинонд, Монгол Улсын Засгийн газрын хувьд олон салбарын оролцоотой шуурхай хариу арга хэмжээний багийг идэвхижүүлж, эрт хариу арга хэмжээ авч, хугацаа хожин бэлэн байдлаа бэхжүүлж ажиллаж байгааг харуулсан аж.

Чуулганы энэ өдрийн хуралдаанаар санхүүгийн гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэх бол дараагийн өдрүүдийн нэгдсэн хуралдаанаар “Эрүүл насжилт”, “Вакцинаар сэргийлэх халдварууд болон дархлаажуулалт”, “Аюулгүй, хямд өртөг бүхий мэс заслын тусламж үйлчилгээг өргөтгөх” зэрэг Бүсийн улс орнуудад урт хугацаанд баримтлах стратегийн баримт бичгүүдийн төслийг хэлэлцэн батлах юм. Манай улсаас Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон Эрүүл мэндийн яамны холбогдох ажилтнууд оролцож, дээрх хэлэлцүүлгүүдэд үг хэлэх аж.