Дэлхий даяар тархсан коронавирусийн халдвараар АНУ-ын хүн ам ихээр өртөөд байгаа бөгөөд нийт 7.9 сая хүн энэ өвчнөөр өвчилжээ Үүнээс 219 мянга гаруй хүн нас барсан аж. Харамсалтай нь тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп эхнэрийн хамт коронавирусийн халдвар тээснийг энэ сарын 2-ны өдөр тогтоосон юм. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад коронавирусийн дархлаа тогтсон, бусдад халдвар тараах эрсдэлгүй болсон талаар эмч нь мэдээлснийг ТАСС-аас мэдээлжээ. Тэрбээр Уолтер Ридийн нэрэмжит эрүүл мэндийн төвд хэвтэн эмчлүүлээд гурав хоногийн дараа буюу аравдугаар сарын 5-нд эмнэлгээс гарч, Цагаан ордонд эргэн ирсэн юм. "Fox News" телевиз Дональд Трампаас "танд одоо Covid-19 байхгүй гэсэн үг үү?" хэмээн асуухад "Тийм. Үүгээр ч дуусахгүй. Надад дархлаа тогтсон. Харин богино хугацааны юу, насан туршийнх уу гэдгийг мэдэхгүй байна. Үнэндээ хэн ч мэдэхгүй. Гэхдээ л би дархлаатай болсон" хэмээн Трамп хариулжээ. Трамп "миний бие гайхамшигтай сайхан байгаа. Одоо тулаанд бэлэн" гэжээ.