Зуншлага муу байсан Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Завхан, Өмнөговь, Өвөрхангай, Төв аймагт өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бэлтгэхэд шаардагдах нэг тэрбум 960 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
Аймаг дундын отрын бүс нутаг болох Завхан аймгийн Бага хайрхан, Увс аймгийн Ачит нуур, Говьсүмбэр аймгийн Малх, Булган аймгийн Чилэн, Хэнтий аймгийн Хэрлэн-Баян-Улаан, Говь-Алтай аймгийн Аргалант, Ховд аймгийн Баяннуруунд ногоон тэжээл, хивэг нөөцлөхөд шаардлагатай 400 гаруй сая төгрөгийг мөн нөөц сангаас гаргана.
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах зорилгоор бүсчилсэн уулзалт хийсэн. Энэ үеэр зуншлага муу, бэлчээрийн даац хэтэрсэн аймгууд өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх, отрын бүс нутагт 2685 өрхийн хоёр сая гаруй малыг отроор өвөлжүүлж, хаваржуулах, Дундговь, Өмнөговь аймагт инженерийн хийцтэй худаг гаргах, төв, суурин газрын дулааны цахилгаан станц, уурын зуух, цэвэр, бохир, дулааны шугамыг засах, эрчим хүчний нөөц эх үүсвэртэй болох зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.