Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нэр дэвшигч хүний амь насанд халдсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Гэтэл энэ нь ташаа мэдээлэл байжээ. ЦЕГ-ын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга, дэд хурандаа Баатархүүгийн мэдээлснээр, талийгч М нь Цогтцэций сумын ИТХ-д бие даан нэр дэвшигч байсан бөгөөд энэ сарын 15 буюу санал хураалтын өдөр менежерээр нь ажиллаж байсан найз Б нь автомашинаа согтуугаар барьж ухрах үйлдэл хийх үедээ М-г мөргөж амь насыг нь хохироожээ. Хэргийг тус аймгийн Цогтцэций сумын Цагдаагийн хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд Б-г саатуулан хорьж, хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулж эхэлсэн байна.