Монголын циркийн барилгыг хувьдаа авч, үйлчилгээний төв болгосон Хөдөлмөрийн баатар Д.Дагвадорж циркийг нурааж эхэлжээ гэх мэдээлэл өчигдөр Орон нутгийн сонгуулиас ч илүү дуулиан шуугиан дагуулав. Нэгэн иргэн өөрийн гар утсаар дотор талаас нь эхлэн нурааж байгаа гэх мэдээллийг нүүр номондоо оруулсан нь ийнхүү дуулиан тарах сэдэв болсон юм.
Гэвч, Монголын үндэсний циркийн албан ёсны хуудсанд долдугаар сарын 15-наас эхлэн ирэх 11 дүгээр сарын 15 хүртэл засвар хийгдэж байгаа гэдгийг онцолжээ. Тодруулбал, тус мэдэгдэлд “Үзэгчид, үйлчлүүлэгчдийн санал гомдлын дагуу үйлчлүүлэгчдийнхээ тав тухыг хангах зорилгоор үзвэр үйлчилгээний чанар стандартыг мөрдөхийн тулд засвар үйлчилгээ хийж байна. Циркийн үндсэн хийцэд нөлөөлөхгүйгээр дотор засварыг хийнэ” хэмээжээ.
Тэгэхээр олон нийтийн шуугиад байгаа шиг циркийг нурааж буй үйлдэл огтхон ч биш юм байна. Үүнээс гадна Соёлын сайд С.Чулуун Асаршёорюү Д.Дагвадоржоос улсын циркийг буцааж авна хэмээн мэдэгдсэн. Үүний дараа сошиал орчинд зохион байгуулалттай мэдээлэл тавигдаж эхэлсэн билээ. Гэлээ ч С.Чулуун мэдэгдлийнхээ дараа удалгүй "АСА циркийн удирдлагуудтай зөвшилцлийн ширээний ард суухаар боллоо" хэмээн мэдэгдэж байсан билээ.