УИХ-ын гишүүн Б.Баярсайханы төрсөн дүү жүжигчин Б.Амарсайхан нь 2016, 2020 оны сонгуулиар МАН-ын пиарт ажиллаж, хэд хэдэн видео контентыг шүдэнз зуран хийснээс хойш “шүдэнз” Амараа хэмээн нэрлэгдэх болсон билээ.
Намын сурталчилгаанд ажилласан шагналдаа төрсөн эгчийгээ Боловсролын яаманд Төрийн нарийн бичгийн даргаар, өдгөө УИХ-ын гишүүнээр Төрийн ордонд оруулж чадсан сүүхэйтэй эр. Тэгвэл жүжигчин залуугийн удирддаг “Ай фай” продакшн нь "Хүүхэд, гэр бүлийг хүчирхийллээс сэргийлэхэд зориулсан бүрэн хэмжээний кино хийх төсөл" нэрээр улсаас 266 сая төгрөгийг 2020 оны дөрөвдүгээр сард шилжүүлэн авсан баримт ил боллоо.
Мөн бид энэ байгууллагын нэрээр хайлт хийж үзэхэд Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас зарласан 300 сая төгрөгийн тендерт 2019 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр ямар ч өрсөлдөгчгүй ганцаараа оролцсон гэх мэдээлэл бүртгэгдсэн байх бөгөөд уг тендерт ялалт байгуулж, 266 сая төгрөгийн санхүүжилтийг энэ оны дөрөвдүгээр сард шилжүүлж авсан бололтой.
Б.Амарсайхан жүжигчний эхнэр С.Ураны 2017 онд үүсгэн байгуулж, Б.Амарсайхан Гүйцэтгэх захирлаар ажилладаг энэхүү байгууллага нь 2016 оны есдүгээр сарын 29-ны өдөр байгуулагджээ. Мөн бүртгэл хэсэгт байгаа 88111911 дугаарын утас нь жүжигчин Б.Амарсайханы утас гэдэг нь тодорхой билээ. Мөн тус байгууллага мөн л 2019 онд АТГ-ын 11.6 сая төгрөгийн үнийн дүн бүхий авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр контент бэлтгэх тендерт мөн шалгарч, хамтын ажиллагааны гэрээ байгуулсан мэдээллийг уншигч танд хүргэе.
.jpg)

.jpg)




