ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох давж заалдах шатны шүүх хурал Төв аймгийн шүүхэд болсон билээ. Шүүхээс Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт анхан шатны шүүхээс ногдуулсан шийтгэлийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах шийдвэр гаргасан байна. Тиймээс шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээжээ. Тухайлбал, Нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг /Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомж зөрчих/-ийн 133.1, 251 дүгээр зүйл /Эрүү шүүлт тулгах/-д заасан гэмт хэрэгт Б.Хурц, О.Бямбажав, Г.Эрдэнэбат, О.Бархасбадь, Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Э.Өлзийбаяр нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан Төв аймаг дахь Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр болж анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн МН/272 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэв.
Хэргийг сануулахад, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат, Б.Хурц тэргүүтэй зургаан хүнийг С.Зоригийн амийг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэрэгт буруутгаж, шүүхээс ял оноосон юм. Тухайлбал, Б.Хурц, Ж.Мөнхгал, С.Баяр, Г.Эрдэнэбат нарт гурван жилийн хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бол О.Бямбажав, Ү.Отгонбаяр нарт хоёр, ШШГЕГ-ын ажилтан Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял тус, тус оноосон байдаг. Харин мөрдөгч О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгасан билээ.