“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн 512 сая төгрөгийн “Мерседес Бенз” авто машин авч, унахаар тендер зарлажээ. Тиймээс төсвийн мөнгийг үргүй зардаг, ашигтай ажилласан үедээ тансагладаг Х.Бадамсүрэн захирлын буруу шийдвэрийг анхааралдаа авна уу, Ерөнхий сайд аа. Түүнийг 2016 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлаар томилсон байдаг. Тэрбээр өнгөрсөн хугацаанд хийсэн, бүтээснээрээ тодрохын оронд луйвар, булхай, тендертэй нэр холбогдож, хэл аманд орж ирсэн нэгэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр баримтын хамт мэдээ, мэдээлэл нь гардаг ч хариуцлага тооцох механизм байдаггүй учир засардаггүй.
Өөрөөр хэлбэл, “намайг хэн тоож, нохойг хэн саах вэ” гэдэг шиг үл тоож иржээ. Тухайлбал, өнгөрөгч онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Ус хангамжийн цехийн цэвэр ус дамжуулах гуравдугаар шугам ф820мм ган хоолойг угсрах, түлхүүр гардуулах нөхцөлтэй тендер шалгаруулалтын ажил зарласан байдаг.
Тэрхүү ажил нь 100 орчим тэрбум төгрөгийн үнийн дүнтэй ажлын тендерийн урилга нь анхнаасаа Хятадын компаниудад зориулсан техникийн нөхцөлтэйгөөр зарлагдсанаас дөрвөн хятад компани, нэг монгол компани өрсөлдсөн байх жишээтэй. Өөрөөр хэлбэл, “Синохидро Корпорейшн лимитед” ХХК-д давуу эрх олгосон хэл ам одоо ч тасраагүй. Эл хэрэг шийдэгдээгүй байхад, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Х.Бадамсүрэн 512 сая төгрөгөөр тансаглахаар тендер зарласан байна.
Мөн охин Б.Буянжаргалынхаа сургалтын төлбөр болох 100 сая төгрөгийг "Эрдэнэт" үйлдвэрийн санхүүгээс гаргуулж, Канадын Торонтогийн Их сургууль руу шилжүүлсэн, 20 сая төгрөгийн унадаг дугуй, 350 гаруй сая төгрөгөөр хэвлэлтэй хийсэн гэрээ, 16.6 сая төгрөгөөр мөнгөн аяга, 52 сая төгрөгөөр өөртөө массажны сандал авсан нь илрэв. Үүнээс гадна "Эрдэнэт" ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан Орлогч захирал Д.Дэлгэрбаярын эмчилгээний зардалд 219 сая төгрөгийг үйлдвэрийн санхүүгээс гаргасан ноцтой зөрчлийг өнөөдөр Зам тээврийн дэд сайд асан Б.Цогтгэрэл илчлэн тавилаа.