Бид нийтээрээ ёс зүйтэй, хүнлэг, шударга нийгмийг бүтээхийн төлөө зүтгэх ёстой билээ. Гэвч өнөөдөр бүгд хүсэл, зорилгынхоо эсрэг тэмүүлж, хойч үедээ буруу үлгэр дууриалал үзүүлж, мөнгө олох гэсэн башир аргаасаа хэтрэхгүй хоноцын сэтгэлээр хандагсад дэндүү олон болж байна. Ингээд хэлэхээр мянга мянган хэрэглэгчтэй, хэчнээн жил үйл ажиллагаа явуулж, олон хүнийг ажлын байраар хангасан гэх мэтээр аархаж эхлэх нь тодорхой байх. Өөрсдийгөө ч өмгөөлөх нь ч мэдээж. Гэхдээ увайгүй, утгагүй пиарыг “Скаймедиа корпораци” ХХК явуулчихаад хэрэглэгчдээ татах бололтой. Тус компани монголчууд улсаараа хулгайч болсныг дэмжиж олон нийтэд сурталчилж, бүр таниулав.
Уг нь үүрэн холбооны операторууд нийгмийг түүчээлж, соён гэгээрүүлэхэд онцгой хувь нэмэр оруулж, сурталчилгаандаа хүртэл санаагаа шингээх ёстой. Гэтэл “Хүчтэй хүн мөнгөтэй, чадалтай. Харин хүчгүй, мөнгөгүй нь овжин сэргэлэн, зальхай, залхуу” гэх мэтээр сурталчилж, таниулж байх юм. Ингээд шүүмжлэхээр хэдэн хүмүүсийн алдаа болох биз. Цаашлаад, цалингийн хувиар торгох байх. Өөрөөр ямар ч хариуцлагын шийтгэл байхгүй. Гэтэл цаана нь асар их хор хохирол нийгэмд үлдэж байна шүү дээ. Залууст ийм сэтгэлгээ бий болж, овжин, зальтай байхыг илүүд үзэж, амар, хялбар амьдралд илүү уруу татагдана. Хөлсөө урсгаж, мөнгө олж байхаар арга зальтай байхад суралцана. Овжин, дээрэнгүй зангаа “сэргэлэн” гэх үгээр халхавчилж, өөрийгөө ч, нийгмээ ч устгана. Улсаа ч үгүй хийнэ. Буруу хөгжсөн овжин зангийн хүсэл, шунал дарагдахгүй.
...Залууст энэ төрлийн сэтгэлгээ бий болж, овжин, зальтай байхыг илүүд үзэж, амар, хялбар амьдралд илүү уруу татагдана. Хөлсөө урсгаж, мөнгө олж байхаар арга зальтай байхад суралцана. Овжин, дээрэнгүй зангаа “сэргэлэн” гэх үгээр халхавчилж, өөрийгөө ч, нийгмээ ч устгана...
Гэгээлэг сурталчилгааг бизнест нэвтрүүлэхийн оронд хэрэглэгчдээ доромжлоод, сууж байгаа байгууллагаас иргэд татгалздаг, салдаг байх учиртайсан. Таны халааснаас мөнгийг нь тань авахдаа “доромжилж, гутааж” болохгүйг сануулах ёстой юм. Увайгүй үйлдэлд нь хариу барьдаг байх хэрэгтэй билээ. Нөгөөтээгүүр, тус компанийн сурталчилгааг гадаад, дотоодын үй олон байгууллага харж байгаа. Тэдэнд буруу суртал ухуулга хийж, улсаараа авлигачид, дээрэмчид гэдгийг сайтар таниулж өглөө. Монголчууд өнөөдөр чадалтай нь чадалгүйгээ барьж, идэхэд ч бэлэн болсныг "Скаймедиа корпораци” ХХК хэлээд өглөө. Нийгмийг уруу татаж, буруу зүйлд уриалахдаа гаргууд атлаа хүний сэтгэл сэргээчих ганц ч сурталчилгаа алга. Гадны байгууллагаас суралц, ганц ч болов шүдний ОО-ны сурталчилгааг хар. Адаглаад гутлын тосны реклам үз. Өрсөлдөгчөөсөө суралц, ахиж дэвш, скаймедиагийнхаан. Залуусыг сайн зүйлд уриалах ганц үг, өгүүлбэргүй бол адагтаа хүрсэн, арчаагүй пиар бүү хий.