ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эвий минь, энхрий үрс минь биднийг өршөө

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-06

Ээж аавдаа эрхэлж, тоглож наадаж суух учиртай энхрий үрс өдөр бүр энэ орчлонгоос дэндүү гомдолтой буцаж байна. Аавынхаа авч өгөх хөлбөмбөгийн өмсгөлийг өмсөж ч амжаагүй бяцхан хүү тоглоомын талбайд төмөрт даруулан амиа алдсан харуусал намжаагүй байна.

Ахынхаа цалингаасаа авч өгнө гэсэн дугуйн дээр гарч чадаагүй нэгэн сахиусан тэнгэр хайхрамжгүй тоомжиргүй томчуудын арчаагүй үйлдлийн золиос болон тэнгэрт одлоо. Гуниг харууслын нулимс хатаж ч амжаагүй байсан юм. Хайран үрс минь гэх эцэг эхийн харууслын энэлэн, зүрхнийх нь шарх аниж ч амжаагүй байхад дахин нэг хүсэл мөрөөдөл тэнгэрт "дэвшлээ". Эвий минь, энхрий үрс минь дээ. Энэ цөвүүн нийгэм, тоомжиргүй томчууд биднийгээ өршөө. Энэ орчлонд магад эргэж төрвөл илүү сайхан нийгмийг бүтээчихээд хүлээж байя, та нарыгаа. Ум сайн амгалан болог.

Өглөөхөн дэгдээд гарсан үрээ тоглоомын талбайд, эсвэл тоглож явахдаа эндчихнэ гэж хэн зүүдлэх юм бэ. Гэвч тийм нийгмийг бид бий болгожээ. Хонгор үрс минь цахилгааны утсанд цохиулж амиа алдсаар байхад бид найр наадам ярьж, бөх морь ярин талцаж суух цаг мөн бил үү. Тэр тусмаа нийслэлийн цахилгааны аюулгүй байдлыг хангах учиртай яам тамгын газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнийхэн юу хийж байна вэ. Нэг сарын хугацаанд гурван ч хүүхэд цахилгааны ил утсанд тогонд цохиулж, хоёр нь амиа алдлаа.

11 настай хүү эмийн сангийн тогтой төмөр хаалганаас барьж амиа алдсаны дараа “Эмийн сангийн төмөр хаалга цахилгааны гүйдэлтэй байсан. Би үргэлж хөлөөрөө хаадаг байсан” хэмээн худалдагч нь мэдүүлэг өгсөн гэдэг. Хэрвээ тог таслах ажлаа цаг тухайд нь хийдэг байцаагч нь тогтой утас унжсан гэдгийг нь мэдээд, засварчнаа явуулчихсан бол ийм зүйл болох байсан болов уу. Гэрлийн шонгийн ил гарсан утас бүрийг далд хийчихсэн бол Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн орчим явж байсан охин тогонд цохиулахгүй байлаа. Налайх дүүргийн цахилгааны завсарчин ажлаа гүйцэд хийчихсэн бол эзэнгүй орхигдсон шонгийн модонд хүрсэн долоон настай охин өдийд дугуйгаа уначихаад жирийж явах байсан юм. Даанч дээ, эрх мэдэлтнүүд, албан тушаалтнууд аа. Эрхэлсэн ажлаа нэр төртэй хийгээч.

Тогны мөнгөний хугацаа дөхөж, нэг ч хоноогүй байхад цахилгаан түгээх сүлжээ яарч сандран тог тасалдаг. Энэ ажлаа тэд харин нэр төртэй хийнэ шүү. Гэвч нийслэлийн хэмжээнд “үхлийн занга” болон хувирчихаад байгаа цахилгааны ил утсаа далд хийж өгөөч гэж, сөгдөн гуйя. Нийслэлийн Мэргэжлийн хяналт, Нийслэлийн тохижилт үйлчилгээний компани, Нийслэлийн захирагчийн ажлын алба, Улаанбаатар хотын ерөнхий менежер гэх мэтээр хотын өнгө үзэмж, аюулгүй байдлын талаар ажиллах ёстой хүмүүс минь ажлаа хийгээч гэж тэнгэрт одсон гурван бяцхан хүсэл мөрөөдлийн өмнөөс аминчлан гуйж байна.

Бид хүүгээ, охиноо тоглуулмаар байна. Дуртай дугуйгаа унаж, бас дуртай бөмбөгөө тоглох тийм нийгмийг бүгдээрээ хамтдаа бий болгож болохгүй юм уу. Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлая. Гашуудал илэрхийлье. Юун наадам, бөх морь. Азийн улс орнууд энэ өдрүүдэд Монгол Улсад гамшгийн эсрэг хуран чуулж байгаа. Гэтэл үер ус, газар хөдлөлтөөс ч илүү гамшиг энэ нийгэмд бий болчихоод байгааг эрхэм дарга нар мэдэхгүй олон улсын хуралд суучихаад гоё, гоё мөрөөдлөө ярьцгааж байх юм. Ичиж үхлээ, эрх баригчид аа. Ийм нийгэм бий болгочихоод олон улсад бид юугаа ярьж суугаа юм бэ. Ямар гамшигийн талаар та нар ярьж байна вэ.