Дэлхий нийтэд тархсан өвчнийг эдгэрэшгүй халдварт өвчин гэж эндүүрсэн иргэд өвчин туссан нэгнээ гадуурхах, олон нийтийн сүлжээгээр гэмт хэрэгтэн мэт яллах, орон байрных нь гадна очиж цонхыг нь хагалах гэх мэтээр ёс бус, хүн чанараа алдсан үйлдэл гаргах болжээ.
Тиймээс өвчин туссан иргэдийн мэдээллийг ЭМЯ-наас нууцалж байгаа ч хэвлэл мэдээллээр өвчтөний мэдээллийг болон хаана ажилладаг, хэнтэй амьдардаг гэдгийг нь ил тод гаргаад байгаа учраас ялгаварлан гадуурхах явдал арилахгүй байгаа юм. Тухайлбал, Баянзүрх дүүргийн IV хороонд амьдарч, ажилладаг бүсгүйг коронавирус авсан гэдгийг хэвлэлээр анх зарласан. Үүнээс болж өвчин аваагүй ч 14 хоног тусгаарлалтад дүүгийн хамт байж байгаад гарч ирсэн охиныг оршин суугчид нь гэрт нь оруулахаас цааргалж, гадуурхаж эхэлжээ.
Тухайн байрны оршин суугч нар “Хурдан эндээс нүү гэх мэтээр дарамт учруулж эхэлсэн байна. Ээж нь энэ тухай сэтгүүлчдэд мэдээлснээр охиныг дөрвөн настай дүүгийнх нь хамт Гэр бүл хүүхэд залуучуудын газраас түр хамгаалалтад авчээ. Цаашдаа тэднийг хэрхэх чиглэлээр УОК-т танилцуулна гэлээ. Өвчин авсан иргэний эрхэнд халдаж, ялгаварлан гадуурхсан тохиолдолд хариуцлага хүлээлгэнэ гэсэн заалт хуульд бий. Тэгэхээр тухайн байрны оршин суугчдад ямар хариуцлага хүлээлгэх нь одоогоор тодорхой бус байна.