ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өнөөдрөөс нийслэлийн өрх бүрээс “Ковид-19” шинжилгээ авна

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2020-12-04

Өчигдөр Нийслэлийн онцгой комисс хуралдаж, Нийслэлийн есөн дүүргийн хэмжээнд 30 цэг дээр 70 мянга гаруй иргэнд “Нэг өрх-Нэг иргэн” гэсэн зарчмаар тандалтын зорилгоор шинжилгээг зохион байгуулахаар болжээ.

Үүний хүрээнд өнөөдрөөс эхлэн арванхоёрдугаар сарын 11-ыг хүртэлх хугацаанд 70 мянган хүнд шинжилгээг хийх аж. Баянгол дүүрэг дээр 6 цэг, Баянзүрх дүүрэгт 6 цэг, Сонгинохайрхан дүүрэгт 4 цэг, Сүхбаатар дүүрэгт 3 цэг, Хан-Уул дүүрэгт 4 цэг, Чингэлтэй дүүрэгт 2 цэг, Багануур дүүрэгт 2 цэг, Налайх дүүрэгт 2 цэг, Багахангай дүүрэгт 1 цэг бий.

Ялангуяа халдварын тохиолдол илэрсэн дүүргүүдийн иргэдийг шинжилгээнд ихээр хамруулна гэжээ. Дүүргийн онцгой комиссоос хороо, дүүргийн болон өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй хамтран шинжилгээнд хамрагдах өрх, иргэнийг сонгох, цаг товлох, хариу илгээх үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Тиймээс тус шинжилгээнд хамрагдах иргэдийн цаг, байршлыг тухайн хороо, өрхийн эрүүл мэндийн төвөөс урьдчилан товлож мэдэгдэх тул зөвхөн сонгогдсон өрхийн иргэн хамрагдах болохыг анхаарна уу. Мөн орон нутгийн иргэд болон сайн дурын шинжилгээнд хамрагдах хүсэлтэй иргэд энэ хугацаанд дээрх цэгүүдэд очиж бөөгнөрөл үүсгэхгүй байх, халдварын эрсдэлээс сэргийлэхийг анхааруулж байна.