ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хөл хорионы үед 108 утсанд 500 гаруй дуудлага иржээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-12-04

Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас 21 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт мэргэжлийн анги байгуулан ажиллаж байгаа талаар өнөөдөр болсон Эрүүл мэндийн яамны ээлжит хурлын үеэр мэдэгдлээ. Учир нь цар тахлын улмаас эцэг эх нь өвдөж, хүүхдүүд харин харж хамгаалах хүнгүй үлдэх асуудал үүсэж байгааг мэдэгдсэн юм. Өнөөдөр гэхэд л 17 настай охин, дөрвөн настай дүүгийн хамтаар тусгаарлалтаас гарсан ч гэртээ орж чадахгүй болж, оршин суугчид нь дургүйцсэн учраас түр хамгаалах байранд толгой хоргодож байгаа бодит кейс бүртгэгдсэн гэдгийг хэлж байлаа.

Мөн халдварын  голомт болсон, 193 хүн өвдөөд буй Сэлэнгэ аймагт гэхэд л 148 хүүхэд хараа хяналтгүй болжээ. Тэдгээр хүүхдүүдэд асран хамгаалагч олох, хажуу айл, хөршөөр нь дамжуулж хараа хяналт тавих, шаардлагатай тохиолдолд түр хамгаалах байранд аваачих арга хэмжээ авч байгааг ГБХЗГ-аас мэдэгдлээ.

Хүүхдийн тусламжийн 108 утсанд өдөрт 500 гаруй дуудлага ирж байгаа бөгөөд эдгээр дуудлагын ихэнх нь эцэг эх нь хөл хорионд орсны улмаас гэртээ ганцаараа байгаа, мөн хамгаалах хүнгүй үлдсэн гэх дуудлага мэдээлэл зонхилжээ. Гэр бүл хүүхэд залуучуудын байгууллагын байцаагч нар дуудлага нэг бүрт хариу өгч, сэтгэлзүйн зөвлөгөөг 24 цагаар өгч ажиллаж байна гэлээ.

Мөн хөл хорионы үеэр хүчирхийлэл, хүүхэд хамгааллын дуудлага багассан ч шагийн архи худалдан авч уусан иргэд бага насны хүүхдээ зодох, хүчирхийлэх хэрэг ганц нэг бүртгэгдэж байгаа юм байна. Улсын хэмжээнд нийтдээ 35 хамгаалах байр байгаагаас 32 нь өнөөдөр хэвийн ажиллаж байна гэсэн юм.