ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Агуйд түгжигдсэн хөвгүүд ДАШТ-ий финалд уригджээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-07-07

Тайландын “Wild Boars” хөлбөмбөгийн багийн 12 хүүхэд дасгалжуулагчийн хамт хойд нутгийн “Чанг Рай” уулан дахь агуйд явж байгаад сураггүй алга болсон гэх мэдээлэл дэлхий нийтийг цочироож байлаа. Хүчтэй бороо орсны улмаас агуй усанд автаж, улмаар буцаж чадахгүй болсон байсныг 10 хоногийн дараа аврагчид олсон юм.

Дөрвөн км-ийн гүнд түгжигдсэн ч эсэн мэнд олдсон хүүхдүүдийн тухай мэдээллийг дэлхий нийт талархан хүлээж авч, сэтгэл санааны дэмжлэг илгээсээр байгаа юм. Аврагчид тэдэнд хоол хүнс, хүчилтөрөгч, дулаан хадгалагч хүргэж өгсөн бөгөөд Австрали улсаас хүртэл аврагчид очжээ.

Хүүхдүүд сэлж чадахгүй учраас сэлүүлж сургах, мөн агуй дахь үерийн ус татрахыг хүлээж байгаа аж. Хүүхдүүдэд тусламж хүргээд буцаж явсан нэгэн аврагч буцах замдаа хүчилтөрөгч нь дуусч амиа алдсан харамсалтай үйл явдал ч болоод байгаа. Тэгвэл хүүхдүүдийг ФИФА-гийн тэргүүн Инфантино дэлхийн аваргын финалаас өмнө агуйгаас гаргаж чадвал бүгдийг нь Москва хотод ирж аваргын төлөөх тоглолт үзэхийг урьжээ.

Мөн “Tesla”, “SpaceX” компаниудын үүсгэн байгуулагч, тэрбумтан Илон Маск тэдэнд туслах хүсэлтээ өнгөрсөн лхагва гарагт Тайландын засгийн газарт илэрхийлж, өнөөдөр инженерүүдээ Тайланд руу явуулж байгаа юм. Нэг метрийн диаметртэй нилон хоолойг татаж, хөвгүүдийн байгаа газарт хүргээд түүнийгээ агаараар хийлнэ. Ингэж гаргасан агаартай уян хоолойгоор хөвгүүдийг мөлхүүлж гаргах боломжтой гэж үзсэн учраас сансрын болон хонгилын мэргэжилтэн хоёр инженерээ илгээсэн гэдгийг дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна.