Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, А.И.Цэдэнбал Филатовагийн нэрэмжит “Хүүхдийн төлөө сан”-г дахин сэргээхээр яригдаж байгаа гэх мэдээллийг өглөө. Тодруулбал, энэхүү санаачилгыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргасан бөгөөд, холбогдох яам агентлагийн мэргэжилтнүүдэд чиглэл өгсөн учраас энэ асуудлыг ярилцаж эхэлжээ.
Анх 1972 онд МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн “Хүүхдийн төлөө төв фонд байгуулах тухай, Улаанбаатар Төмөр замын хамт олны уриалгыг дэмжих тухай” 30 дугаар тогтоолоор батлагдаж байсан түүхтэй аж.
Хүүхдийн төлөө фондын хөрөнгөөр 1975 оноос 1994 оныг хүртэлх 20 жилийн хугацаанд хүүхдийн 68 цэцэрлэг, 10 гаруй эмнэлэг, пионерийн 70 гаруй зуслан, Хуримын ордон, Монголын Хүүхдийн ордон, Залуу техникчдийн ордон, Усан бассейн, Олон улсын Хүүхдийн Найрамдал зуслан, Монголын Хүүхэд асран хүмүүжүүлэх төв, Бамбарууш кафе, Хүүхдийн төв номын сан, Хүүхэд залуучуудын театр, Хүүхэд залуучуудын парк, Хүүхдийн шүдний поликлиник гэх мэт 200 гаруй бүтээн байгуулалтыг бий болгосон.
Харин 1990 оноос хойш төрийн өмчийг хувьчлахад хүүхдийн нэртэй 145 барилга, байгууламж хувьчлагдсан. Тухайлбал, Хүүхдийн номын сан, Элдэв-Очирын нэрэмжит Хүүхдийн кино театр, Хүүхдийн театр, Бамбарууш кафе, Хүүхэд, залуучуудын театр, хүүхдийн зуны зуслангууд, Залуу техникчдийн ордон гэх мэт хүүхдийн хөгжлийг дэмжсэн томоохон барилга байгууламжийг дурдаж болно. Тэгвэл одоо “Хүүхдийн төлөө сан”-г үүсгэн байгуулснаар хүүхдэд зориулсан томоохон бүтээн байгуулалтуудыг өрнүүлэхээр ярьж байна хэмээн Г.Өнөрбаяр дарга бичжээ. Тэгвэл өнөөдөр хүүхдийн төлөө санг дахин байгуулахад хөрөнгө хуримтлуулах зорилго бүхий урлагийн оддын "Монгол туургатан" тоглолт МҮОНТ болон UBS, V телевиз, TV5, TV9, ETV HD, NTV, С1, TV8, Стар, Боловсрол, SBN, TM зэрэг телевизээр 18.00 цагаас эхлэн шууд цацагдах юм байна.
