ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Оны тойм нийтлэл: ХҮН БҮХЭНД БАЯРЛАЛАА

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2020-12-31

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тэтгэврийн зээлийг тэглэх гэнэтийн бэлэг бүхий хундагатай дарс, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн найтаасан од хүүтэй инээд бэлэглэсэн мэндчилгээгээр эхэлсэн 2020 он тэр чигтээ эдийн засгийн савлагаа, иргэдийн сахилга хариуцлага, эрүүл мэндийн салбарынхны шандсыг шалгасан цаг хугацаа байлаа. “Хорь, хорь” гэх утгаар хэрэгжсэн 2020 онд монголчууд дэлхийг айдаст автуулсан цар тахалтай тэмцсээр 10 сарыг үдсэн ч, 11 дэх сараасаа вирусийн өмнө “бууж өгөв”. Гэлээ ч өнөөдрийг хүртэлх хугацаанд титэмт вирусээр олон зуун хүнээ алдаагүй, бусад улс орнууд шиг голомтлон тархаахгүй барьж чадсан юм. Тийм ч учраас хамтдаа тэмцэж, зүтгэж буй хүн бүхэнд зориулан оны онцлох тойм нийтлэлээ “ХҮН БҮХЭНД БАЯРЛАЛАА” хэмээн гарчиглахыг хүссэн хэрэг. Шүүмжлэх, бухимдах зүйл өмнөх шигээ л олон байсан ч баярын тань энэ өдөр бид зөвхөн гэгээн сайхан, гэрэлтэй мэдээллийг тоймлон уншигч танд хүргэхийг зорилоо.

 

27 мянган монголчууд эх орондоо ирлээ

Бид нэг улсын иргэд шиг нэгдмэл зохион байгуулалттай, нийтээрээ сахилга хариуцлагатай байж чадсан гэж бардам хэлж чадах байна. Цөөн хэдэн хүмүүсийн уур бухимдлыг ч олонхийн хүчээр дарж байлаа. Эмнэлэг, цагдаа, замын цагдаа, мэргэжлийн хяналт, УСУГ, МИАТ, ШӨХТГ, Засгийн газар, НЗДТГ, Онцгой байдал гээд дэлхийг айлгасан өвчинтэй эдгээр байгууллагын ажилтнууд л тэмцсэн, өнөөдөр ч тэмцсээр байна. Өвчин гарч бүгд хөл хорионд ороход ч тэд л ажилласаар байлаа. Эрүүл мэндийн яам цаг ямагт бэлэн байдалд ажиллаж, өмнөх сайд Д.Сарангэрэл тэргүүтэй шуурхай баг 24 цагаар ч хонож ажиллаж байсан үе бий. Өнөөдрийн сайд Т.Мөнхсайхан ч ажлаа чамбай гүйцэтгэсээр, иргэдээ эмчилсээр байна. 

Эх орондоо ирэхээр тэмүүлсэн иргэдээ өнгөрөгч нэгдүгээр сарын 28-наас эхлэн тусгай үүргийн нислэгээр татан авах ажлыг ч Гадаад харилцааны яам тэргүүтэй яам, агентлагууд хамтран хийж, энэ сарын 21-ний өдрийн байдлаар дэлхийн 93 орноос 111 тусгай үүргийн нислэгээр 21092 иргэнээ татан авчээ.

Харин автозамаар 6637 буюу нийтдээ 27 мянган монголчууд эх орондоо ирж, тусгаарлалтад орж, элгэн садантайгаа энх тунх уулзаад байна. Хүний нутагт байхдаа өвдсөн, халдвар авсан иргэдээ ч ялгаварлахгүйгээр эх нутагт нь авчран эмчилснээр өнөөдрийн байдлаар нийтдээ 824 иргэнээ эмчилсэн сайхан мэдээг эмч, эмнэлгийн ажилтнууд дуулгалаа. Бүх л иргэнээ татан авахын төлөө өдөр шөнөгүй, эрсдэл дунд ар гэрээ мартаж, амралтгүй шахам ажилласан ХҮН БҮХЭНД БАЯРЛАЛАА.

 

Үнэмлэхүй ялалт, Үндсэн хуулийн хэрэгжилт

Өмнө хэлсэнчлэн, жилийн ихэнх саруудад хөл хорионд байсан монголчууд гадагшаа явж гайхам амжилт гаргах боломж байсангүй ээ. Олимпын наадам хойшилж, урлагийн томоохон арга хэмжээ цуцлагдсан гээд дэлхий нийтээр цар тахалтай тулалдаж байсан учраас бид зөвхөн дотооддоо л амжилтаа даруухан тэмдэглэж, сайн цагийг хүлээн бэлтгэлээ тууштай хийсээр байна. Урлаг, спортынхон ч төрийн шийдвэрээ дагаж олныг хамарсан тоглолт, цэнгүүн хийх боломж тэр бүр гараагүй юм. Харин дэлхийн бусад улс орнуудаас туршлага судалсны хүчинд Монгол Улс хуульд заасан хугацаандаа хоёр шатны сонгуулиа амжилттай зохион байгуулж чадав.

Үүний үр дүнд МАН-ынхан дахин үнэмлэхүй ялалт авч 62 суудал авсан бол АН-ынхан 11, ХҮН 1, бие даагч 1, МАХН-ын 1 гишүүнтэйгээр найм дахь удаагийн парламент бүрдлээ. Ингэснээр нэг нам хоёр дарааллан засгийн эрх бүрдүүлэх боломж авч, Ерөнхий сайд, УИХ-ын даргаа улираан томилов.

Энэ эрчээрээ урагшилсан эрх баригч нам Орон нутгийн сонгуулиар ч амжилтаа бататган НИТХ-д 34 суудал авсан бол АН-ынхан 8, ХҮН-аас 3 нэр дэвшигч НИТХ-д цөөнхийг бүрдүүллээ. Мөн 2019 оны арваннэгдүгээр сард эцэслэн баталсан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хэрэгжилт 2020 оны тавдугаар сарын 25-ны билэгт сайн өдөр морин цагт хэрэгжиж эхэлсэн билээ. Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтийг засах, байгалийн баялгийн өгөөж ард түмэнд очих, засаглалын тэнцвэрт байдлыг хангах зэрэг зургаан том өөрчлөлтийг багтаасан өөрчлөлт, ирэх жилүүдэд илүү өгөөжтэй байж, улс төрийн хямралд цэг тавина хэмээн хүлээж буй юм. Өвчин тахалтай хэцүү цагт ч төрт ёсоо хүндлэн улс төрийн сонголтоо хийж, Монгол Улсад улс төрийн тогтвортой байдлыг хангасан ХҮН БҮХЭНД БАЯРЛАЛАА.

                                Ерөнхийлөгч гадаад харилцаанд “уран нүүдэл” хийв

Дэлхий ертөнц хувьсан өөрчлөгдөж, тэврэлдэн золгож байсан хөрш орнууд теле орчинд уулзалтаа хийх болсон хувьсал ч биднийг тойрсонгүй. Чанга хатуу хөл хориотой цаг үед албан байгууллага, аж ахуйн нэгж, тэр ч байтугай төр засгийн сайд, дарга нар ч онлайнаар ажлаа амжуулж, олон чухал ач холбогдолтой шийдвэр гаргаж байлаа. Тэр дундаа хоёр хөршийн харилцаанд эерэг үр дүн авчрах уран нүүдлийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хийсэн нь оны онцлох үйл явдлын нэг мөнөөсөө мөн. Бидний мөнхийн хөрш БНХАУ-д коронавирусийн халдвар ид тархаж, дэлхий тэр чигээрээ тэднээс “жийрхэж” байлаа. Гэтэл Монгол Улсын Ерөнхийлөгч хоёрдугаар сарын 27-ны өдөр гэнэтхэн л БНХАУ руу айлчлал хийдэг байгаа.

Ганцхан өдрийн айлчлалынхаа үеэр тэр говийн ноолуур дээр “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас, тэвдэж явахад тэвнээр тусалсан нь дээр” гэсэн үгээ монголбичгээр дурайлган бичиж, 30 мянган хоньтой хамт бэлэглэчихээд ирж байлаа.

“Дуслын төдий ачлалд булгийн ундарга шиг хариуг барьмуй” гэсэн Ши даргын сэтгэл хөдөлгөсөн мэдэгдэл хүнд хэцүү цаг үед бидэнд өдөр бүхэн ирсээр байлаа. Ерөнхийлөгчийн энэ нүүдлийн дараа БНХАУ-аас ирж буй хандив тусламжийн тоо ч нэмэгдэж, өнөөдөр ч үргэлжилсээр байна. Харин монголчуудын илгээсэн хандивын хонь оны төгсгөлд эзэддээ хүрч, Ухань хотод голомтод ажилласан эмч нар халуун шөл идэцгээн, талархлаа илэрхийлсэн юм. Энэ бол давхар, давхар монгол хүнсээ сурталчилах том сурталчилгаа болсон билээ.

Мөн хойд хөрштэйгөө ойрхон уулзаж, онлайнаар ярилцсаны хүчинд хийн хоолойг Монголын нутгаар дайруулах ажлын хэсэг байгуулагдан, судалгааны ажлаа эхэлсэн билээ. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ч онлайнаар болон өөрөө биечлэн айлчилсан хэд, хэдэн томоохон айлчлалаар Монгол Улсын гадаад харилцааг таслахгүй, илүү ажил хэрэгч, оновчтой чиглүүлсэн хэвээр байна. Цөөхөн хүн амтай ч цөлх ухаантай гадаад харилцааг оновчтой чиглүүлж, Монгол Улсаа сурталчилсаар буй ХҮН БҮХЭНД БАЯРЛАЛАА.

 

Ажлын байраа алдсан ч төрийн халамж иргэдээ “гоочилсонгүй”

Магадгүй энэ оны хамгийн гунигтай мэдээ нь эдийн засгийн шок болов уу. Хаалга үүдээ хэдэн сараар барьсан, хаалга тогшиж байсан, бүр ороод ирсэн өвчинтэй зэрэгцэж, эсвэл сөрж амьдрахын тулд олон аж ахуйн нэгж хаалгаа барив. Оны төгсгөлд 250 мянган хүн ажлын байраа алдана гэх судалгааг ч МҮХАҮТ-аас гаргаж байсан. Гэлээ ч энэ хэмжээнд бид эдийн засгаа туйлдуулчихсангүй. Бизнес эрхлэгчид ч тэд төрдөө гомдсонгүй. Аль болох л ажилчдынхаа тоог цөөлөхгүйн төлөө бүсээ чангалж, тэвчиж болох зардлаа хянаж чадахаараа зүтгэлээ. Тэдний энэ зүтгэлийг ч төр олж харсан билээ.

Тиймдээ ч өвчин дотооддоо гараагүй байхад НДШ, ХХОАТ-ыг тэглэх, ажлын байраа хадгалж буй аж ахуйн нэгжийн ажилчдад 200 мянган төгрөг олгох, хүүхэд бүхэнд олгож байсан 20 мянган төгрөгийн нэмэгдлээ ирэх жилийн долдугаар сар хүртэл 100 мянга болгож нэмэгдүүлсэн.

Харин өвчлөл бүртгэгдсэний дараа төрөөс шахмал түлшээ хямдруулах, эрчим хүч, дулаан, хогны мөнгийг тэглэх зэргээр айл бүхэнд хүрсэн эдийн засгийг дэмжлэг үзүүлэх гэж хэр чадлаараа хичээсээр байна. Хүнд хэцүү цаг үе байлаа  ч төсвөө тодотгохгүйгээр давж гарах гэж, гадны тусламж, иргэдийн хандивыг зөв зохитой хуваарилахын төлөө хүн бүхэн хичээв. Өвчний маргааш ч өдөр хоног өнгөрөх учраас өнөөдрийн зовлонгоор улстөржихгүйгээр давж гарах гэж дор бүрнээ л хичээлээ. Мөн Хятадуудын мэдэлд очоод байсан Салхитын мөнгөний ордыг төрийн мэдэлд авснаар иргэн бүр хувь хүртэх боломж гарч, ахмад настнууд тэтгэврийн зээлээ тэглүүлж магнай тэнийлээ. Зээлгүй нь төрөөс хувь хүртэх боломжийг ч бий болгожээ. Хариуцлагагүй уул уурхайг цэгцэлж, Асгат, Салхит зэрэг томоохон ордуудыг төрийн мэдэлд авснаар иргэд байгалийн баялгаасаа ашиг хүртэх боломжийг бүрдүүлэх нь ээ.

Цар тахлын цаг үед шатахуун, зэс, алтны үнэ дэлхийн зах зээл дээр унахгүй, өсөлттэй байсан нь бидэнд давуу тал болов. Үүний хүчинд “Эрдэнэт”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг өмчит компаниуд алдагдалгүй ажиллаж, хүнд хэцүү цагт төрдөө дэмжлэг болов. Уул уурхайн салбар зогсолтгүй ажиллаж, унасан эдийн засгаа босгохын төлөө хичээсээр байх ажээ. Мөн олон жил төрийн сайд нарын цоожтой шургуулганд хэвтсэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын төслийн ажил хөрсөндөө ажил болж, цэргийн албан хаагчдын дэмжлэгээр ажлынхаа 80 гаруй хувийг хийлээ. Шороон далан хэмээн адлагдаж байсан тэр замаар галт тэрэг зорчих боломж бүрдэж байна.

208 км-ийн газар шорооны ажил дуусаж, 130 км газар төмөр замын үеийг угсарсан гээд бүх л ажлууд нь ахиц, дэвшилтэй явсаар байх аж. Ипотекийн зээлийн 8 хувийн хүүтэй зээлийг 6 хувьд хүргэж, эдийн засаг хүнд цаг үед банкууд зээлдэгчийнхээ эрх ашгийг хамгаалав. Монголбанк бодлогын хүүгээ 5 нэгж хүүгээр бууруулж, 6 хувьд хүргэлээ. Хамгийн чухал нь гадна талдаа сайн нээрээ хамгаалж үлдэхийн төлөө ФАТФ-ын “Саарал жагсаалт”-аас өнгөрөгч аравдугаар сарын 23-ны өдөр албан ёсоор гарлаа. Энэ бүхэн эдийн засагт дуулдсан нааштай мэдээллүүд билээ. Хүнд хэцүү цагт эдийн засгаа элгээр нь хэвтүүлэхгүй гэж чармайж буй ХҮН БҮХЭНД БАЯРЛАЛАА.

 

Хандив илгээсэн хүн бүхэнд баярлалаа

Нийтлэлийн төгсгөлөө ямар сэдвээр бэлтгэх вэ хэмээн удтал бодов. Тэгвэл 2020 онд бид нэг л зүйлийг хамгийн сайн ойлгож авлаа. Тодруулбал, “Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр туслах” өвөг дээдсийн их ухааныг өнөө цагт бид нэг, нэгэндээ харуулж чадсан нь яах аргагүй онцлох зүйл болов.

Учир нь цар тахалтай тэмцэж эхэлснээс монголчууд төрдөө, эрүүл мэндийн ажилтнууддаа хандив өргөж эхэлсэн. 2020 оны арваннэгдүгээр сарын сүүлийн байдлаар 291 аж ахуйн нэгж байгууллага, 257 иргэнээс 3.5 тэрбум төгрөгийн бэлэн мөнгийг хандивласан байх юм. Мөн 121 аж ахуйн нэгж, иргэнээс 4.3 тэрбумын бараа, материал илгээжээ.

Нийтдээ 7.8 тэрбум төгрөгийн хандивыг тэд төрдөө өгөв. Хурд, Харанга, Никитон зэрэг том хамтлаг, урлагийн олон арван одууд нэгдэж онлайнаар хандивын тоглолт зохион байгуулан дэмжлэг үзүүлэв. Хошин урлагийнхан ч хойшоо суусангүй. Лам нар ч чадлаараа хандив нэмэрлэж, хөдөөгийн малчид хүртэл хоттой хониноосоо нядлан ачиж ирээд эмч нарт хандивлав. Нийт нь нэгийн төлөө, нэг нь нийтийн төлөө байж, хэцүү цаг үед нэгдэж чадсан НИЙТ МОНГОЛЧУУДДАА БАЯРЛАЛАА.

Найтааж эхэлсэн ч сайхан мэдээтэй эхэлсэн 2020 оноо дор бүрнээ дүгнэж цэгнэн, муу муухайг нь мартаж, сайн сайхныг нь санасаар шинэ оноо угтан авъя. Орчлонгоос одсон нэгнийхээ араас сайныг ерөөж, одоо таны дэргэд байгаа бүхнээ хайрлаарай. Өвчин тахлыг бид хамтын хүчээр даван гарч, 2021 оноо илүү эрч хүчтэй дүгнэн суух цаг ирэх биз ээ. Dardas.mn сайттай бүтэн жилийн турш хамт байсан ХҮН БҮХЭНД БАЯРЛАЛАА. ШИНЭ ОНЫ МЭНД ХҮРГЭЕ.