ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цахилгааны төлбөр нэмэгдсэн шалтгааныг ингэж тайлбарлав

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-01-01

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч сарын 13-нд олон нийтэд хандан мэдэгдэл хийж, иргэдийн цахилгааны төлбөрийг төрөөс буюу “Эрдэнэт” үйлдвэрээс төлөх шийдвэр гаргасан хэмээн дуулгасан билээ. Угтаа 2021 оны долдугаар сарын 01 хүртэл иргэд цахилгааны төлбөртөө санаа зовохгүй байж болно хэмээсэн.

Гэсэн ч удалгүй иргэд үнэгүй болсныг сонсоод их хэмжээгээр хэрэглэж, гэмтэл гарлаа хэмээн урьд саруудын дунджаас илүү их төлбөр гарвал зөрүүг нь Засгийн газар төлөх ёстой гэсэн журмыг Эрчим хүчний яамнаас баталж байв. Гэвч 12 дугаар сарын цахилгааны төлбөрийн нэхэмжлэх иргэдэд ирэхдээ өмнөх хэрэглэж байснаас 1-2 дахин нэмэгдсэн, мөн Засгийн газрын хөнгөлөлт нь 4000-20000 төгрөг буюу нэмж бичсэн мөнгөө аваад л үндсэн төлбөр нь хэвээр байгаа гэх иргэдийн шүүмжлэл их байна. Тэгвэл энэ асуудалд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх хариулт өгчээ.
 

Тэрбээр, “Шинэ оны мэнд хүргэе. 2020 оны 12 дугаар сарын цахилгааны төлбөрийн нэхэмжлэлд тайлбар өгье. Ер нь хэрэглэгчийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр нэхэмжилдэг юм.Тийм учраас 2020 оны 12-р сарын цахилгааны төлбөрт 11-р сарын таны хэрэглэсэн цахилгааны төлбөр тодорхой хэмжээгээр байгаа шүү.

Тухайлбал: Иргэн Ж-гийн цахилгааны төлбөрийн бичилтийг 2020 оны 11-р сарын 10-ны өдрөөс 12-р сарын 10-ны өдрийг хүртэл бичсэн бол Засгийн Газрын тогтоолын дагуу 10 хоногт ногдох цахилгааны төлбөрийг иргэн Ж -гийн өмнөөс Засгийн Газар төлж барагдуулах ба үлдсэн 20 хоногт ногдох цахилгааны төлбөрөө иргэн Ж өөрөө төлөх ёстой шүү.

Жич: Хэдийгээр бүх хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийг 30 хоногийн хэрэглээгээр бичдэг ч бичилтийн эхлэлийн хугацаа ялгаатай байдгийг анхааруулья. Хэрэв таны цахилгаан болон дулааны эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэлд ойлгомжгүй бас эргэлзээтэй зүйл байвал мэргэжлийн байгууллагад хандахыг хүсье" хэмээжээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн төлбөр хоёр дахин нэмэгдсэн ч өмнөх 20 хоногийн төлбөр гэсэн хачин жигтэй тайлбарыг тэр өглөө.