БНСУ-д өргөж авсан эцэг, эхийнхээ гарт, онц хэрцгийгээр амиа алдсан бяцхан охины үхэл олон нийтийг цочирдуулаад байгаа билээ. Тухайлбал, нэг нас дөрвөн сартай бяцхан охин өргөж авсан эцэг, эхдээ удаа дараа зодуулж, зодуурын хүндрэлээ даалгүй нас барсан байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр бэртээгүй, өвдөөгүй газар үлдээгүй байжээ. Тэр ч бүү хэл, хүчирхийлэл үйлдэж байхдаа утсан дээрээ бичлэг хийдэг байсан нь шалгалтын үеэр тогтоогджээ. Энэхүү аймшигт хэргийн талаар БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин "Үнэхээр их харамсаж байна. Байж боломгүй аймшигтай хэрэг гарлаа. Хүүхдийн сайн сайхны төлөө хүчин чармайлт гарган ажиллана" хэмээн хэлсэн байна. Түүнчлэн дахин ийм хэрэг гарахгүй байх талаар хуулийн байгууллагуудад үүрэг болгосон аж. Мөн холбогдох байгууллагууд хүүхдийн хүчирхийллийн эсрэг хуулиа эргэн харж, улам чангалж, хариуцлагыг өндөржүүлж, хүүхдэд ээлтэй, хүүхдийн сайн сайхны төлөө бүхий л хүч чармайлтаа гарган ажиллахыг сануулсан байна. Тус хэргийг хуулийн байгууллагууд шалгаж байгаа ажээ.
