Ухаалаг гар утасны “PUBG mobile” видео тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотод гурван өдрийн турш зохион байгуулагдаж өндөрлөсөн билээ. Энэхүү тэмцээнд Монгол Улсаас “ZEUS” баг амжилттай оролцож, гуравдугаар байрт шалгарч, 100 мянган ам.долларын шагнал хүртсэн мэдээлэл олон нийтийг баярлуулав. Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж, хорио цээрийн дэглэмтэй хүнд цаг үед олон хүний бахархлыг төрүүлсэн сайхан мэдээний нэг байв.
Гэтэл эдгээр хүүхдүүдэд баяр хүргэхийн оронд Татварын Ерөнхий газрын албан ёсны цахим хаягт ““ZEUS” баг амжилттай оролцож, гуравдугаар байрт шалгаран 100 мянган ам.долларын шагнал хүртсэн билээ. Үүнтэй холбоотойгоор уг орлогын 40 хувийг татварт суутгаж авах тухай ташаа мэдээлэл цахим орчинд гарсан байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 19.1.1-т “урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнд таван хувиар татвар төлнө гэж заасан байдаг. Тухайн шагнал авч байгаа оронтой Монгол Улс давхар татварын гэрээтэй. Тиймээс давхардуулан татвар ногдуулахгүй байх зохицуулалт бий. АНЭУ-тай Монгол Улс давхар татварын гэрээгүй юм. Хүүхэд, залуучууд та бүхэн уралдаан тэмцээнд амжилттай оролцож шагналын орлого олсон бол тухайн орлогын таван хувийг татвар болгон өгч улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулдаг юм шүү” хэмээн бичжээ.
Ядахдаа “та нарынхаа амжилтаар бахархаж байна, баяр хүргэе” гэсэн зөөлөн дулаан үг алга. Харин хүүхдүүдээ зүгээр л 5 хувийн татвараа төл хэмээн бараг л тушаал буулгачихаж.
Харин энэхүү постыг харсан олон хүн бухимдаж, эсэргүүцлээ илэрхийллээ. Аргагүй шүү дээ. Монгол Улсад татварын алба байгуулагдаад олон жил болж байгаа. Гэсэн ч татварын орлого бүрдүүлэлтэд хайнга хандаж, урлаг, спорт, шашны байгууллага, лам гээд үеийн үед ашиг орлоготой ажилладаг нийгмийн төлөөллийг орхигдуулж байсан. Одоо ч гэсэн Бөхийн өргөөнд тоглолт хийж хэдэн зуун сая төгрөг олсон урлагийнхан татвар төлдөг гэдэгт итгэхгүй байна. Хүрээ хийдэд шавилан сууж сүсэгтэн олны мөнгийг авч буй лам нар ч татвараа бүрэн төлдөггүй. Тэгсэн атлаа өөрийн хүч чадлаар амжилтаа үнэлүүлээд ирсэн хэдэн хүүхдээс татвар шууд нэхэхээс ичмээр байх юм. Хүүхдүүд мэдээж татвараа төлөх байх. Үүрэг хэмээн баяртайгаар төлөх нь тодорхой. Гэвч халуун дулаан урмын үг ч байхгүй атлаа шууд та нар үүргээ биелүүлж татвараа төл хэмээсэн нь дэндүү урамгүй үйлдэл. Төрийн нэг ч дэмжлэггүй оролцсон эдгээр залуус хувиараа л мөнгөө гаргаж, зардлаа босгоод оролцоод ирсэн байх.
Ер нь нийгмийн бүх төлөөллөөс татвараа үнэн зөв бүрдүүлдэг байсан бол хэн ч эсэргүүцээд, эмзэглээд суухгүй нь лавтай. Гэтэл ТЕГ нь татвар бүрдүүлэлтэд “алагчилж” үздэг хандлага нийгэмд тогтоод удчихсан нь үнэн шүү дээ. Тэд наадмын түрүү болон үзүүр бөхийн бай, шагналаас татвар авдаг билүү. Нутгийн зөвлөлөөс өгч буй 200 сая төгрөгийн “Ланд-200” автомашин, хэдэн өрөө байрнаас нь татвар авч үзсэн үү. Нөгөөтээгүүр, төрийн байгууллагаар дамжуулж, залуусын амжилт бүтээл, шагналын мөнгөнөөс татвар нэхэж байгаа бол ухаалаг гар утасны “PUBG mobile” видео тоглоомыг Монгол Улсын хуульд зааснаар албан ёсны тэмцээн, уралдаанд бүртгэх ёстой. Мөн төрийн шагнал урамшуулал олгож, баталгаажуулах ёстой байх. Өөрөөр хэлбэл, дэлхийн чанартай тэмцээнүүдийн тоонд багтах шаардлагатай болно. Түүнчлэн, “Олимп, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах” Засгийн газрын журмаа ч шинэчилж, “ZEUS” багийн дэлхийн аваргын хүрэл медалийн амжилтыг төр үнэлэх ёстой болно. Мөн тодорхой хэмжээний мөнгөн урамшууллыг ч олгох учиртай. Түүний дараа харин таван хувиа нэхэж, татвараар айлгах мэдэгдлээ цахим орчиндоо нийтэлнэ биз.