Арван хавар, арван зун, арван намар, арван өвөл...Ар араасаа дахиад л үргэлжлэх он жил, цаг хугацаа. Амьдралд минь орж ирсэн анд найзуудын нөхөрлөл дундаас хамтдаа энэ хүртэл явж ирсэн хамгийн дотно бүхэн минь. "Монголын мэдээ" сонин гэх нэгэн том айлаас миний олж авсан хамгийн чухал олзны минь нэг та нар. Замын дундаас орхиж одоогүй чин үнэнч сэтгэлтнүүд. Зовлон гуниг, баяр жаргалын алинд нь ч хамгийн эхэнд зогсож байсан халуун сэтгэлтнүүд минь. Та наргүй хорвоо өнгөгүй, үнэргүй, амтгүй охид оо. Та нартайгаа хамт би өөрөөрөө гэрэлтэж чаддаг юм. Та нар намайг энэ хүртэл хурцалжээ.
Амжилт өөд дагуулсан анд нөхдийн хиргүй сэтгэл 10 жилийн түүхийг хамтдаа бичлээ. Цэл залуу 20 гаруйхан настай, ганц бие цалгисан бүсгүй байхдаа та нартайгаа уулзсансан. Харин өнөөдөр бид хүний хань, хүүхдийн ээж болцгоов. 30 гарсан намбалаг бүсгүйчүүд болчихож. Айлын эзэгтэй болсон ч гэлээ өнөөдөр эсвэл маргааш уулзахдаа бид нөгөөх л бүтэлгүй хайрын түүх, болзооны дурсамжаа ярилцан дэггүйтдэг дүрсгүй охид хэвээр.
Бид хамтдаа дуулж, бүжиглэж сурсан. Бид хамтдаа ууж, наргиж бас сурсан байх. Бид хамтдаа ээж болохыг ч сурцгааж байна. Бид хамтдаа хүний хань байхыг сурцгаалаа. Бид маргааш хадам ээж болохыг ч бас сурцгаана. Дараа нь эмээ болохоор бэлтгэнэ.
Өнгөлөг хумс, үс гэзэг, өчигдөрхөн уулзсан царайлаг залуугийн тухай “халуухан” чат маань өлгий живхний сонголт, эм тариа, үр хүүхэд, хань ижлийнхээ хувцас, хоолны тухай болж өөрчлөгдсөн ч бид илүү жаргалтай болцгоосон байх юм. “Хоёр зураастай байхаас чинь мэднэ шүү хэмээн хүүхдүүдээ цаашлуулж, хундага вино шимээд л хөзөр, даалуу тоглож, хүүхдүүдээрээ зөөлгөөд гэртээ харьдаг дөрвөн эмээ болно” гэсэн мөрөөдөлдөө хамтдаа хүрнэ шүү, охид оо. Тиймээс хамгийн чухал нь эрүүл байгаарай.
Миний дэргэд оршиж, миний ааш, алдааг тэвчиж, жижигхэн төдий ч амжилтаар минь бахархаж, намайг хурцалж, өнгөлж яваа та нартаа баярлалаа. Нулимсыг минь арван жил арчиж өгсөнд баярлалаа. Арван жил миний төрсөн өдрийн бялууг зөөсөнд баярлалаа.
Он жилүүд урсавч нөхөрлөлөө цаг ямагт зүлгэж, орой үдшийн цагаар хартай нөхөр шиг нэгэн рүүгээ залгаж, олдсон багахан цаг хугацаанд ч нэгэн рүүгээ тэмүүлдэг бидний нөхөрлөл 20, 30 жил үргэлжлэх болтугай. Бид бие, биенийхээ дэргэд цаг ямагт байсан учраас бидний хэн ч энэ амьдралд хазгай гишгээгүй юм шүү. Тийм л үнэ цэнтэй нөхөрлөлийг хамтдаа энэ 10 жилд бүтээсэн байна. Хүрэх ёстой мөрөөдлийнхөө дөнгөж зах хэсэгт нь бид явж байна. Хамт очих замынхаа дөнгөж эхлэлийг бид тавьсан. Тиймээс эрүүл саруул байж, ирж буй 20, 30 жилийнхээ ойгоор энэ дурсамжаа уншаад инээж суух болно шүү, охид оо. Арван жилийн ойн баярын мэнд хүргэе.