ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цар тахалтай тэмцэж буй олон хүний хөдөлмөрийг бүү үнэгүйдүүлээч

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-02-01

Монгол Улс дотооддоо дэгдсэн цар тахалтай тэмцээд бүтэн 90 гаруй хоногийг өнгөрүүлж байна. Хэдийгээр төр засаг, мэргэжлийн байгууллагууд, эмч мэргэжилтнүүд цаг үед нь тохирсон шаардлагатай арга хэмжээг авч байгаа ч халдвар болоод өвчлөлийн тоо манайд өндөр байгаа юм.

Өдрөөс өдөрт халдварын тоо хүрээгээ тэлж, идэвхжиж байна гэдгийг мэргэжлийнхэн мэдээлж байгаа билээ. Нийслэлд нийтдээ 10 голомт идэвхтэй байгаа бөгөөд одоогоор Монголд бүртгэгдсэн халдварын тоо 1814 болж, хоёр хүн коронавирусийн халдвараар амь насаа алдсан гэх гашуун мэдээтэй дуулдсан.

Түүнчлэн манай улсын хүн амын 50 хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг. Харин энэхүү халдварын тоо  цааш үргэлжлэх юм бол эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтэн ачааллаа дийлэхгүйд хүрч, цар тахлын халдвар жинхэнэ утгаараа эхэлж болзошгүйг анхааруулж, сар шинийн өмнөхөн хатуу хөл хорио тогтоохыг сануулж байгаа аж. Тиймээс ард иргэддээ хандан сар шинийн баярыг өргөн хүрээнд хийхгүй, өнгөрсөн жилийнх шиг ЦАХИМ орчинд тэмдэглэхийг уриалж байна.

Төр засгаас ч зөвхөн гэр бүлийн хүрээнд тэмдэглэх шийдвэр гаргасан учраас зөвхөн энэ удаа л иргэн та төрийнхөө шийдвэрийг дагана уу. Хөл хориог сулруулсан хэдхэн хоногт иргэд сар шинийн бэлтгэлээ базааж, зах болон худалдааны төв хөл хөдөлгөөнтэй, битүү үйлчлүүлэгчтэй байх юм. Тэр ч бүү хэл, өндөр настай аав, ээжээ сугадчихсан бэлэг самбай, ууц шүүс, тавгын боорцог, чихэр, жимс, дээл хувцас бэлдчихсэн явж байгаатай олон удаа тааралдлаа. Юун цар тахал, түүнийгээ мартчихсан маск, малгайгүй явж байх жишээтэй. Хэрвээ таны аав ээж гадуур явж байгаад өвчин авбал яах вэ. Муу зүйл болоход нас барчихвал хэрхэх вэ. Ахмадууд голдуу өвчлөлд өртөж байгааг анхааруулсаар байхад гадуур дагуулж яваа нь эрсдэл дуудаж байгаа хэрэг билээ. 

 

...Цаашилбал, хүн хоорондын зай талбай барих ч ойлголт байхгүй. Хямдрал зарласан газрууд ч бөөгнөрөл үүсгэж, олныг цуглуулж байх ажээ. Хавь ойр хавьтсан бүхэнтэйгээ шүргэлцэж, хүрэлцэж явна. Одоо болно, монголчууд аа. Бид гуравхан сая гаруйхан билээ...

 

Тиймээс төрөөс гаргасан шийдвэр, эрүүл мэндийн байгууллагаас өгсөн зөвлөгөөг нийтээрээ хүн шиг дагаж мөрдөөд, аюулт цар тахлын ард гарахгүй бол нөхцөл байдал хүндрэх нь байна. Таныг ул боорцог, бэлэг сэлт эргүүлж байх зуур халдвар авах, халдвартай хүний ойрын хавьтал болох маш их өндөр эрсдэл байна. Тиймээс бусдынхаа эрүүл мэндийг бодож, дахиад ганцхан жил зөвхөн гэр бүл дотроо хөнгөхөн баярлаж, өөрсдөдөө санхүүгийн ачаалал үүсгэхгүй, үр хүүхдэдээ хүндрэл учруулалгүй, цагаан сарын баяраа хийхийг манай сайтын хамт олноос уриалж байна.

Энэ цаг үед ахмад настнууд ч биднийг хүндэлсэнгүй гэх элдэв гомдол гарахгүй биз ээ. Эрүүл саруул, энх тунх байвал сар шинийн баярыг хэдэн үеэрээ ч тэмдэглэх боломжтой. Харин халдвар авч, бусдад болоод өөрийнхөө хайртай хүмүүст халдаах юм бол амь гарч болох ч, хэвийн амьдралдаа хэзээ эргэн ирэх нь эргэлзээтэй. Ингэж эрүүл мэндээрээ дэнчин тавьж болохгүй билээ.

Ганцхан баярын төлөө цар тахалтай тэмцэж байгаа олон хүний хүч хөдөлмөрийг бүү үнэгүйдүүлээч ээ. Ашиг хонжоо хийх гэсэн нэгэнд хууртаж, бүү бөөгнөрөл үүсгээч ээ. Түүнийхээ оронд элдэв чамирхалгүй, илүүц гоёлгүй, нэгнээ хүндлэх сэтгэлээр цахим цагаан сар хийе.