Сар бүрийн 20-нд олгодог байсан Хүүхдийн мөнгөн тусламжийг цар тахалтай холбоотойгоор хугацааг нь наашлуулж, Сар шинийн өмнө буюу маргааш олгохоор болсныг Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Иргэн таны хүүхдийн мөнгө хүлээн авдаг дансанд хүүхдийн мөнгө шууд орох тул та гэрээсээ гарах шаардлагагүй цахим банк болон ATM-ээр үйлчлүүлэхийг мөн салбарын сайд А.Ариунзаяа уриалсан юм.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан мэдээллээр Монгол Улсад хүүхдийн мөнгөн тэтгэмж болгон 121.5 тэрбум төгрөгийг 1.2 сая орчим хүүхдэд зарцуулах аж.
ХНХЯ-наас энэ сард олгож буй халамжийн талаарх мэдээллийг нэгтгэн хүргэвэл:
• Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, Ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж, хүндэтгэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үзүүлэх хөнгөлөлт, тусламж, Хүнсний эрхийн бичиг олгох үйлчилгээг 2 дугаар сарын 8-наас олгож эхэлсэн.
• Насны хишиг, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламжийг өнөөдөр буюу 2 дугаар сарын 9-нөөс олгож эхэлнэ.
• Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг маргааш буюу 2 дугаар сарын 10-наас олгоно.
• Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх эцэгт олгох тэтгэмжийг /4 үйлчилгээ/ 2 дугаар сарын 17-ноос олгож эхэлнэ.
...Иргэн Та Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлж Нийгмийн халамжийн үйлчилгээг www.ehalamj.mn халамжийн нэгдсэн системд бүртгүүлсэн данс руугаа цахим банк болон ATM-ээс аваарай.