ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ТАНИЛЦ: Хөл хорионы үед эмнэлгийн тусламжийг ингэж хүргэнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-02-10

Маргаашнаас эхлэн Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдалд шилжих учраас энэ үеэр эрүүл мэндийн байгууллага иргэдэд тусламж үйлчилгээг хэрхэн хүргэх вэ гэдэг нь анхаарал татсан сэдэв байдаг билээ. Тэгвэл НЭМГ-ын дарга Б.Бямбадорж энэ талаарх мэдээллийг өнөөдөр 11.00 цагийн мэдээгээр өглөө. Энэ хугацаанд өрх болон дүүргийн эрүүл мэндийн төвүүд 24/48 цагийн горимд түр шилжин ажиллах бөгөөд CT, MRI ходоодны дурангийн шинжилгээ шаардлагатай тохиолдолд тухайн бүсэд ойр байрлах эрүүл мэндийн байгууллагуудтай гэрээ байгуулж, бэлэн байдлыг хангахаар болжээ. НЭМГ-ын дарга Б.Бямбадорж хэлэхдээ “Ард иргэд маш хүлээцтэй байх хэрэгтэй. Биднээс үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тавигдах шаардлагыг хэрэгжүүлж ажиллавал таны авч буй үйлчилгээ ч чанартай байх болно. Ард иргэдэд анхаарвал чухал хэд хэдэн зөвлөгөөг хүргэе” хэмээлээ.

Уг зөвлөгөөг тоймлон хүргэвэл:

-Түргэн тусламжийн эмч хүргэж ирсэн өвчтөнийг тухайн эрүүл мэндийн байгууллага үзээд, үргэлжлүүлэн хэвтэх шаардлагагүй гэвэл гэрт нь буцаах үүргийг тухайн эмнэлгийн байгууллага хүлээнэ.

-Түргэн тусламжаар тусламж авч буй иргэд биеийн байдал нь хямарсан хүнийг дагаж явахгүй байх шаардлагагүй. Ар гэрийнхэн нь дагахгүйгээр эрүүл мэндийн байгууллагад хүргэнэ. Зайлшгүй нөхцөлд сахиур хамт явахыг зөвшөөрнө. Тухайн сахиур өөрөө үргэлжлүүлээд тухайн эрүүл мэндийн байгууллага дээр байрлана.

-Сахиурын байрлах орчин, халдвар хамгааллын дэглэмийг нь тухайн эмнэлгийн байгууллага хариуцна. Дагалдаж явах сахиур нь жирэмсэн хүн, өөртөө үйлчлэх чадваргүй хүн хүүхэд байж болохгүй.

-Амаржих газруудаас гэртээ гарах нөхцөлд тухайн амаржсан эх болон нярайг нийслэлийн түргэн тусламжийн газар өөрсдөө хариуцан гэрт нь хүргэж өгнө. Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах ёстой.

-Нийслэлийн бүх өрхийн эрүүл мэндийн төв гэрийн эргэлт, жирэмсний хяналт, бусад нярайгаа үзээд урьдчилсан үнэлгээ хийж дууссан. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед онлайнаар, цахим хэлбэрээр, утсаар байнга зөвлөгөө үйлчилгээг үзүүлнэ. Зайлшгүй шаардлагатай тохиолдолд тусгай томилсон эмч очиж зөвлөгөө өгнө.

-Өдрийн эмчилгээнд тарилгын бус хэлбэр эмийн эмчилгээг зөвлөнө.

-Хөл хорионы үед жирэмсэн, төрсөн эх, нярай болон хөнгөвчлөх эмчилгээ шаардлагатай иргэдэд цахим хэлбэрээр эрүүл мэндийн хяналт хийж, зөвлөгөө өгнө.

-Тусламж үйлчилгээг гэрээр үзүүлэх шаардлагатай тохиолдолд эмч, эмнэлгийн хэрэгсэл, автомашины бэлэн байдлыг хангаж ажиллана.

-Тухайн хорооны нутаг дэвсгэрт ойр байрлах 2-оос доошгүй эмийн санг тогтмол үйл ажиллагаатай байхаар зохицуулалт хийж, ажиллаж байгаа талаар мэдээлэл тэмдгээ гадна талд байршуулах шаардлага тавих, иргэдийг мэдээллээр хангана. Эрүүл мэндийн холбогдох сайтуудаар аль эмийн сангууд ажиллах мэдээллийг хүргэнэ.

-Товлолын дархлаажуулалтыг хойшлуулна.

-Илрүүлэг шинжилгээнд ажиллах эмч, эмнэлгийн ажилтнуудыг автобусаар тээвэрлэнэ.

-Гемодиализ, хавдрын хими, туяа эмчилгээ, заслын дараах тусламж үйлчилгээ (боолт, гэрэл) шаардлагатай иргэдийг ажилчдын автобусаар эмчилгээнд хүргэх, авах ажлыг хариуцна.

-Яаралтай тусламжийн тасгаар үйлчлүүлээд гэртээ буцах тохиолдолд тухайн эмнэлэг нь иргэнийг хүргэж өгөх тул хувийн машинаар явахгүй.

-Өндөр настан, жирэмсэн эмэгтэй, хүүхдийг сахиураар авахгүй бөгөөд сахиур солихгүй.