Орон нутаг руу гарах иргэдийг өнөөдөр өглөө /02.10/-нөөс эхлэн гаргахгүй гэсэн НОК-ын шийдвэрийн дагуу хугацаандаа амжиж гарах гэсэн иргэд хуурамч бичиг баримт үйлдэж, мөн шинжилгээний хариугаа хүлээхгүй орон нутаг руу гарсан зөрчил илэрч эхэллээ.
Тодруулбал, өчигдөр шөнө Сэлэнгэ аймагт очсон иргэн шинжилгээний хариугаа хүлээхгүй найзынхаа бичгийг авч явснаас үүдэн замд хийсэн шинжилгээ нь эерэг гарсан билээ. Улмаар халдвартай иргэнийг ХӨСҮТ рүү шилжүүлэх, хамт явсан хүмүүсийг олж тусгаарлах гэх мэтээр асар их зардал чирэгдэл гарсан юм.
Тэгвэл өнөөдөр өглөө амжиж гарна хэмээн мөн л шинжилгээний хариугаа хүлээхгүй Завхан аймаг руу гарсан иргэний хариу эерэг гарсныг Архангай аймгийн хяналтын пост дээр тусгаарлан, нийслэл рүү буцаажээ. Тухайн иргэнийг мөн л ХӨСҮТ руу хүргэх ажлыг зохион байгуулж байгаа юм байна.
Орон нутгийн иргэдийг нутаг буцаах ажлыг маргааш өглөө хүртэл сунгасан учраас иргэд шинжилгээний хариугаа хүлээх, мөн шинжилгээ өгсний дараа гадуур явахгүй, халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөхийг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.