ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Баяр хүргэе, Маагаа ах аа

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2021-02-10

“Зүүдэн бороо”, “Насны намар”-тайгаа "АЛСАРСАНГҮЙ", тэр. “Сүүн далай ээж”, “Алсад суугаа ээж”-ийг МАРТСАНГҮЙ ээ, төр.

Төрийн дээд эрхэм шагнал нүдээ олж, нэрт хөгжмийн зохиолч, дунд үеийн гайхалтай уран бүтээлчдийн том төлөөллийн нэг Бадарчийн Магсаржав гэх эрхэм хүмүүнд Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цол хүртээв. Төв талбайд хөлхөх шагналын хур буусан олон дундаас хамгийн содон, хамгийн гайхалтай нь шагналын эздийн нэг нь тэр байв. Эзнээс нь өөрцгүй олон хүн маш удаан хүлээсэн учраас содон бас баярламаар байсан биз. Би ч тэдний нэг. 

Өмнө нь энэхүү шагналд түүнийг хэд хэдэн удаа тодорхойлж байсан ч эх орондоо олон жил амьдраагүй, уран бүтээл туурвих оргил үедээ гадны сургуульд багшилж байсан гэх үндэслэлээр буцааж байсан юм билээ. Одоогоос гурван жилийн өмнө цахим орчинд түүнд шагнал өгөх давалгаа ч өрнөж байв. Тэгсэн ч тусыг эс олсон. Тэр олон сэтгэл дундаас зарим нь ч шантарсан байх. Уран бүтээлийн томоохон тоглолт хийхээр бэлдсэн ч цаг хугацааны эрхээр хойшлуулж байгаа гэх мэдээлэл ч дуулдаж байлаа.

Гэтэл энэ цаг мөчид шагнал эзнээ олжээ. Төр шагнах ёстой хүнээ олж харсанд монголчууд нийтээрээ баярлаж байх юм. Хүний өмнөөс хүн баярлах ямар сайхныг эд эс, сэтгэл зүрхээрээ мэдэрлээ. Хүнд хэцүү цагт ч амин дэм, сэргээш ч болж байна. Тавхан настай бага балчраасаа баян хуур хөгжмийг гайхалтай эзэмшиж эхэлсэн хүн бол МУУГЗ Б.Магсаржав.

Тэр цагаас урлагийн хүний амьдарлаар амьдарсан гэдгээ ч ярилцлагадаа дурдсан байдаг. Мэргэжлийн сургууль төгсөж, ая дуугаа зохиож, амьдралдаа ч алдсан бас оносон эгэл монгол эр. Хүний нутагт ажиллаж амьдарч, уран бүтээлээ туурвисан ч түүний 500 гаруй бүтээлүүд нь эх орныхоо төлөө, элгэн садныхаа төлөө бүтээгдсэн юм шүү. Б.Магсаржав гуайг биширч, хүндэлж явдаг хүн дэндүү олон. Төр яагаад түүнийг олж харахгүй байгаад гомдож тунирхсан нь ч бас олон.

Тухайлбал, МУГЖ С.Жавхлан гавьяатын тэмдгээ түүний энгэрт зүүж өгч, төрдөө “агсарч” байсан удаатай. Харин одоо л түүний цаг нь иржээ. Илүү ихийг бүтээх эрмүүн цаг үед нь төр ивээлээ үзүүлж, энгэрт нь хүндэтгэлээ зүүж өгөв. Насны намар дахиад илүү гайхалтай хөг аялгуугаар эгшиглэх нь. Зүүдэн бороогоор дахиад бид олон жил аялах нь ээ. Түүнээс урсах олон гайхалтай аялгууг сонсох азтай сонсогч байгаадаа туйлаас баяртай байна. Баяр хүргэе, Маагаа ах аа.