Энэ сарын 12-нд “Өргөө” амаржих газарт төлөвлөгөөт хагалгаагаар төрөх ёстой байсан эхийг өөрөөр нь төрүүлснээс үүдэн нярай нь эндсэн харамсалтай хэрэг гарчээ. Хүүхэд нь буруу байрлалтай, төлөвлөгөөт хагалгаагаар төрнө гэдгийг мэдсээр байсан атлаа эмч нар нь ажилдаа хайхрамжгүй хандсанаас болж, төрсөн үрээ алдсан эцэг нь хэвлэл мэдээлэлд хандсанаар энэ асуудал олны анхаарлыг татсан юм.
Тэгвэл удирдсан байгууллагад нь удаа дараа эх, нярайн эрхийг зөрчсөн үйлдэл гарсаар байхад “Би ажлаа өгөхгүй. Миний буруу биш” хэмээн зөрүүдэлж байсан “Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Өмнө нь тус төрөх газарт амаржсан эх нярай хоёрыг коронавирусээр өвчилсөн хэмээн тусгаарлахдаа нимгэн халат, тавчиктай машин руу тээвэрлэсэн хэргээс үүдэн Засгийн газар огцорсон. Гэвч Г.Баясгалан мөн л “Миний буруу биш. Би хариуцлага хүлээх ёсгүй” хэмээн үлдсэн билээ. Өмнө нь ч ажлын хариуцлага тооцоход шүүхэд хандаад эргээд ажилдаа томилогддог “хэл ам”-тай нэгэн байсан юм билээ.
Тэгвэл энэ удаа мэргэжлийн алдаа гаргасан эмч нарынхаа хариуцлагыг үүрч ажлаасаа чөлөөлөгдөх нь тодорхой болов. НЭМГ-аас тун удахгүй “Өргөө” амаржих газарт менежментийн шинэчлэлийн баг томилж ажиллуулах ажээ.