ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

А.Амбасэлмаа: Хоёр хүний биеийн байдал маш хүнд байна

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2021-02-16

Эрүүл мэндийн яамны 11.00 цагийн ээлжит мэдээллийг өнөөдрөөс эхлэн Засгийн газрын хэвлэл мэдээллийн албатай хамтран хүргэж байхаар болсон билээ. Тиймээс ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өнөөдөр Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзоригтой хамт цаг үеийн мэдээллийг өглөө.

Улсын хэмжээнд нийт 643 хүн эмчлүүлж буйгаас биеийн байдал маш муу 2, хүнд 3, хүндэвтэр 77, 561 хүний биеийн байдал хэвийн байна гэлээ. ХӨСҮТ-д 199, Цэргийн төв эмнэлэгт 175, Яармагийн эмнэлэгт 363 хүн эмчлүүлж байгаа аж.

А.Амбасэлмаа доктор хэлэхдээ “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г тав хоногийн хугацаанд 230 гаруй мянган иргэнд хийж, нийтдээ 23 тохиолдол илрүүлсэн. Эдгээр иргэдийг тусгаарлах, ойрын хавьтлуудыг мөн тусгаарлаж, шинжилгээ авч эхэлсэн. Хороо, хорооллыг нь ариутгах, халдваргүйжүүлэх ажлыг мөн хийж байна. Өчигдрийн байдлаар 30 гаруй мянган иргэнд шинжилгээ хийснээс 9 тохиолдол иргэдийн дундаас илэрлээ.

Халдвар бүртгэгдсэн айл, гудамжнаас хэнд ч халдвар илрэх эрсдэл учрах учраас сэтгэл санаагаар дэмжих нь чухал шүү. Баянгол дүүргийн 3, 12, 25, Баянзүрх дүүргийн 26, Сүхбаатар дүүргийн 18, СХД-ийн 7, 39, Хан-Уул дүүргийн 2, 4, Чингэлтэй дүүргийн 2, 6, 12 дугаар хороонд иргэдээс авсан шинжилгээний 23 тохиолдол бүртгэгджээ. Хөл хорионы арга хэмжээний үр дүнд сүүлийн хоёр хоногт халдварын үзүүлэлт буурч байна. Хүн ард бөөгнөрөл үүсгэхгүй байх нь тархалтыг бууруулж байна” гэлээ.

Улаанбаатар хотод коронавируст халдварын 1578 батлагдсан тохиолдол болсон байна. Сүүлийн 24 цагт өөр аймагт бүртгэгдээгүй бөгөөд улсын хэмжээнд кластер голомтод 1904 хүн коронавирусийн халдвараар өвчилсөн аж. Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2416 байснаас 1760 буюу 72.8 хувь нь эдгэрчээ. “Нэг өрх-Нэг шинжилгээ”-г өнөөдөр Сонгинохайрхан дүүрэгт эхлүүлэх бөгөөд 24 гаруй мянган өрхийг хамруулах бөгөөд ПСР шинжилгээг суурин 18 цэг, явуулын 50 багаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Мөн өнөөдрөөс нэр бүхий 24 бөөний хүнсний төв үйл ажиллагаа эхлүүлж байгаа гэв.