ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, УОК-ын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг нар өнөөдөр ээлжит мэдээллээ өглөө. Өчигдрийн байдлаар нийт 40 гаруй мянган хүнд шинжилгээ хийснээс 49 тохиолдлыг олж илрүүлсэн байна. Улаанбаатар хотод 1654, улсын хэмжээнд кластер 1980 тохиолдол болсон байна. Үүнээс өчигдөр гэхэд л 25 хүн эдгэрсэн бол нийтдээ эдгэсэн хүний тоо 1802, эмчлүүлж байгаа 678 хүн байгаа аж.
Энэ сарын 11-нээс эхлэн нийслэлийн хэмжээнд “Нэг хаалга-нэг шинжилгээ” арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн. Хөл хорионы үед буюу долоо хоногийн хугацаанд “Нэг хаалга-нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд одоогийн байдлаар 209,336 өрх хамрагджээ. Үүнээс нийт 37 хүнээс коронавирусийн халдвар илэрсэн гэж ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
Мөн өчигдөр ХӨСҮТ-ийн Халдвартын клиникт эмчлүүлж байсан биеийн байдал нь нэн хүнд өвчтөн нас баржээ. Талийгаач нь 2021 оны хоёрдугаар сарын 14-нд онош нь маш хүнд байдалтай Халдвартын клиникт хэвтсэн аж. Тэрээр 2021 оны хоёрдугаар сарын 17-ны 12:56 цагт нас барсан бөгөөд хавсарсан, үсэрхийлсэн хавдартай байсан аж. Энэ хүн хавдрын хордлого, уургийн дутагдал, тураал, олон эрхтний үйл ажиллагааны алдагдлаар нас барсан бөгөөд онош нь ходоод бүдүүн гэдэсний хожуу үеийн хавдар, элэг тунгалгийн булчирхайн үсэрхийлсэн хавдар байсан аж.